БНСУ-ын ойн агентлагийн дарга Чой Бен Амтай хамтран ажиллах санал солилцов
БНСУ-ын Ойн агентлагийн дарга Чой Бён Ам уулзалтын эхэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон явдалд ноён Б.Бат-Эрдэнэ танд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа ойн салбарт төдийгүй бүх салбарт нэг шатаар ахисан гэдгийг онцлон тэмдэглэж, хоёр талын уулзалт эхлэв.
БНСУ-ын Ойн газар нь 1967онд байгуулагдаж, түүнээс хойш дэлхийн 37 улс оронтой нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна гээд, Монгол Улстай хамгийн урт удаан хугацаанд, тогтвортой хамтран ажиллаж ирсэн гэдгийг тодотгов.
Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран ойжуулалтын төслийг өнөөдөр ч амжилттай хэрэгжүүлэн төслийн гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг тэрбээр дурдсан юм.
Талуудын уулзалт ойн салбарын хамтын ажиллагаа, ойн түймэр, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, төр хувийн хэвшлийн түншлэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан БНСУ-аас мод тарих туршлага судлах зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ойн салбар чиглэлийн мэргэжлийн байгууллага, хариуцсан агентлаг, ойн мэргэжилтэй боловсон хүчин, судалгаа, шинжилгээний ажил хамгийн чухлыг дурдаад, БНСУ олон жилийн хугацаанд ойн моджуулах, мод тарих ажлыг тасралтгүй төлөвлөж, хийж ирсэн ч хөрсний судалгааг иж бүрэн хийж чадаагүйгээс маш их хэмжээний хохирол амсаж байсан гашуун туршлага бий. Тиймээс энэ алдааг давтахгүйгээр бүс нутгийн хөрс, түүний онцлогт тохирсон төлөвлөлт хийж, мод тарих хэрэгтэй гэж БНСУ-ын Ойн газрын дарга ярьсан юм.
Түүнээс гадна мод тарих нэг хэрэг ч түүнийг арчилж, ургуулах, ойжуулах асуудал тухайн улс орны бүх ард түмний хүсэл, тэмүүлэл, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд амжилтад хүрдэг гэдгийг онцлоод, хоёр орны ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газар, УИХ-д Ойн агентлаг байгуулах асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа төдийгүй өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй байгаль орчны салбарын 30 гаруй хуулинд дата анализ хийх ажлыг эхлүүлээд байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан БНСУ талаас туршлага судлах, бүх шатанд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Г.ОЮУНТУЯА