“Интермэд” эмнэлэг өвчтөнүүдийнхээ мэдээллийг алдаж, хувийн нууц алдагдах ноцтой нөхцөл үүсчээ

Монголдоо үйлчилгээний үнэ тариф өндөр Интермэд эмнэлэг  цахим халдлагад өртөж өвчтөнүүдийнхээ мэдээллийг алджээ.

Хамгийн ноцтой нь тус эмнэлгээр  үйлчлүүлж байсан өвчтөнүүдийн мэдээллийг “50 мянган ам.доллараар  зарна”  гэх зарлал гадны сайтад байршсан байна.Тус мэдээлэлд  үйлчлүүлэгчийн онош, эмчилгээ хийлгэсэн түүх, овог нэр, регистрын дугаар, утасны  дугаар зэрэг мэдээлэл багтаж байна.

Энэ талаар Хуульч н.Батхүү “Хадгалж хамгаалж чадахгүй бол хүний хувийн эмзэг, нууц мэдээлэл цуглуулах хэрэггүй. Үйлчлүүлдэг хүний хувьд зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна. Ууж идэхдээ уургийн морь гэдэг шиг авдаг мөнгөтэйгээ адил хариуцлагатай баймаар байна. Нэн дариу мэдэгдэл хийх, уучлал гуйх, алдсан мэдээллийг устгахыг шаардаж байна. Бусад улсад эмнэлгээ шүүхэд өгч хохирол төлбөр гаргуулж байсан түүх байдаг. Мань мэт нь хамаа алга гэхэд ДОХ ч юмуу, янз бүрийн өвчтэй хүмүүсийн мэдээлэл задарч түүнээс болж амиа хорлох, янз бүрийн асуудал үүсвэл яах вэ” хэмээн жиргэжээ.

 

 

Харин интермэд эмнэлгийн зүгээс мэдээллээ алдсанаа хүлээн  зөвшөөрч мэдэгдэл гаргасан  байлаа.  Мэдэгдэлд  “Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна.

Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *