ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Албан томилолтоос бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно
“Төрийн хэмнэлтийн тухай” хууль өчигдөр /2022.05.17/-өөс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс зарим онцлох заалтыг сануулахад:
Хуульд доорх хэмнэлтийг хийхээр тусгасан байна.
- Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага, компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг, нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг дүүрэг сумынх нэгээс илүү орлогч даргатай байхыг, агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглосон.
- Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор, ИТХ-ын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглосон.
- Ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглож, төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар тогтоохоор болов.
- Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглосон.
- Онгоцоор албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн хөрөнгөөр зорчихыг хориглож, нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ.
- Цалин хөлсний нийтлэг жишгийг тухайн шатны ИТХ тогтооно.
- Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй.
- Гар утасны зардал, ээлжийн амралтаар дотоодын амралт, сувиллын газарт, эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд ирж, очих замын зардал, хэвлэл захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлэх зарцуулахыг хориглоно гэжээ.
Харин Хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалт болох төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийн жил бүрийн 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах, дуусгаагүй бол төсөл арга хэмжээний санхүүжилтийн төсвийн хэмнэлтэд тооцохоор тусгажээ.
Мөн 2023 оны төсвийн жилээс эхлэн улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөлд хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах, ТЭЗҮ хийгдээгүй зүйлсийг тусгахыг хориглооод байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, орон нутгийн хог хаягдлын асуудал, авто замын засвар, багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, худалдан авах, айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт, нийтийн эзэмшлийн байр орон сууцны засвар зэргийг тусгахгүй байх юм.
Хуулиар хэмнэлтийн бусад арга хэмжээнд УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр хараат болон охин компани байгуулах, чиг үүрэг орон тоог давхардуулан тогтоох, хуульд зааснаас өөр хэлбэрээр шагнал урамшуулал, дэмжлэг олгох, байгууллага сурталчлах нэвтрүүлэг, контент, баримт болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоод байна.