А.Ариунзаяа: Байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болж эцэг эхчүүд хүүхдээ ажилдаа дагуулаад явдаг болъё

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хүүхдээ ажилдаа дагуулаад яв битгий гэртээ ганцааранг нь үлдээ” хэмээн уриалжээ.

Тэрбээр “Ажилдаа явах шаардлагатай ч гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болчихвол яах вэ. Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй өдөр тохиолддог шүү дээ. Гэртээ ганцаараа үлдэх хүүхдээ хаалганы цаана цоожлох гэж байна уу? Битгий! Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий. Тохитой. Хүүхдэд зориулж тохижуулсан. Ажлын байрны хүүхдийн өрөөнд таны хүүхэд хичээлээ хийж болно. Тоглож наадаж болно. Хөгжинө. Аюул эрсдэлгүй байна. Орой цугтаа харина. Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зорилт. Хүсвэл байгууллага бүр дэргэдээ хүүхдийн өрөө гаргаж, тохижуулж чадна. Төрийн ч бай, хувийн ч бай. Том ч бай, жижиг ч бай. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл байхад л болно. Багахан зохион байгуулалт хийгээд маш чухал асуудлыг та бид шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна.

За ингээд байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болъё. Үүний зэрэгцээ байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох шаардлагатай. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн ч бай, хувийн ч бай ямар ч байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагатай гэсэн үг. Тэр нь нэр төдий байвал ямар ч үр дүнгүй болно. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг Та бид үр хүүхдийнхээ асуудлаар өөрсдийгөө хуурч болохгүй. Хүүхдийн баяр, шинэ жилээр бэлэг тараадгаас илүү гарах ёстой, энэ зөвлөлийн ажил. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд аавын хайраар, ээжийн сэтгэлээр асуудалд хандахад аяндаа хийх ажил, зохицуулах асуудал, гарц шийдэл тодроод ирнэ.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаад, хурлын төлөөлөгчдөд, хууль хяналтын байгууллагын албан хаагчдад, Баянгол дүүргийн иргэддээ, аав ээжүүддээ баярлалаа. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй болохыг сануулж, уриалж, өөрсдөөрөө үлгэрлэж “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсанд талархал илэрхийлье. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоол ингэж ажил хэрэг болох ёстой. Бусад дүүрэг, аймаг, орон нутаг анхаараарай. Байгууллагууд эцэг эхийн зөвлөлтэй болсон уу, болоогүй бол яагаад алгуурлав, болсон бол яаж ажиллаж байна? Асуугаарай, мэдээрэй, тэдэнд зөвлөж туслаарай.Эцэг эхийн зөвлөлөө байгуулаад, хүүхдийн өрөөтэй болчихвол бүгдээрээ нэг шат ахилаа гэсэн үг. Эхний алхмаа хийх нь чухал болоод байна. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа хамгаалъя” гэжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *