Жорж Буш ОХУ Ирак руу цэргээ оруулах нь буруу гэж алдаж хэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Техас мужийн Даллас хот дахь Ерөнхийлөгчийн төвд үг хэлэхдээ Владимир Путинийг шүүмжилсэн байна. Тэрбээр Украин руу хэрцгийгээр довтлох нь буруу зүйл хэмээн хэлэх гэж байгаад алджээ.
Буш хэлэхдээ “ОХУ-ын сонгуулиуд шударга бус явагддаг, тэд улс төрийн өрсөлдөгч нарыг шоронд хийж эсвэл сонгуульд өрсөлдөхөөс хориглодог. Үүний улмаас Орост тэнцвэрт байдал алдагдаж ганцхан хүн Ирак улс руу хэрцгийгээр довтлох шийдвэр гаргасан” гэсэн байна.
Тэрбээр хэсэг хугацааны дараа Украиныг Ирактай андуурснаа анзаарч “Би Украин гэж хэлэх гэсэн юм” хэмээн засаж хэлжээ. АНУ 2003 онд Ирак улс руу олноор нь хоморголон устгах зэвсэг нууж байгаа гэх шалтгаанаар цэргээ оруулж дайн хийсэн. Буш тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан бөгөөд олноор нь хоморголон устгах зэвсгийн баримт олдоогүй юм.
Эх сурвалж: Unila
Б.БУЯНДОРЖ