Америк эрэгтэй “McDonald’s” “Wendy’s” ресторануудыг зургаасаа жижигхэн бургер зардаг гэж шүүхэд өгчээ
Нью Йорк хотын оршин суугч Жастин Чимиенти “McDonald’s” болон “Wendy’s” түргэн хоолны ресторануудыг зургаасаа жижигхэн бургер зардаг хэмээн шүүхэд өгсөн байна. Тэрбээр хууртагдсан үйлчлүүлэгчдийн өмнөөс 50 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд зарга гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сард “Burger King” компанийг Флорида мужийн оршин суугч үүнтэй ижил шалтгаанаар шүүхэд өгч байсан юм.
“McDonald’s”, “Wendy’s” ресторануудын эсрэг гаргасан зарганд тэдний бургер зар сурталчилгаан дээр гардгаас дор хаяж 15 хувиар жижигхэн гэж бичжээ. Мөн тэдгээр компаниудын хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн сурталчилгаа нь инфляц ихсэж, хоол, махны үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үед бага орлоготой хүмүүст хүндээр тусаж байна гэж гомдол гаргасан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ