Умард Солонгост цар тахлын нөхцөл байдал хүнд байхад Ким Жон Ун амны хаалтгүй оршуулгын ёслолд оролцжээ
Өнгөрсөн Ням гарагт Умард Солонгост тус улсын зэвсэгт хүчний маршал Хён Чол Хэг оршуулах ёслол болж өнгөрлөө.
Тэрээр тус улсын одоогийн удирдагч Ким Жон Уныг сурган хүмүүжүүлэхэд оролцсон гол хүмүүсийн нэг гэлцдэг аж. Тиймээс Ким Жон Ун оршуулгын ёслолд оролцож, маршалын шарил бүхий авсыг өөрийн биеэр өргөж явсан байна. 2011 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Илтэй салах ёс гүйцэтгэснээс хойш ийм том хэмжээний оршуулгын арга хэмжээ Умард Солонгост зохион байгуулагдаж байгаагүй юм.
Солонгосын Төв Мэдээний Агентлагийн нийтэлсэн зураг, бичлэгүүдээс үзвэл энэхүү арга хэмжээний үеэр Ким Жон Унаас гадна зөвхөн хүндэт харуулын цэргүүд амны хаалт зүүгээгүй, бусад бүх хүмүүс зүүсэн байжээ.
Умард Солонгост цар тахлын нөхцөл байдал ямар байгааг эндээс төсөөлж болохоор байна.
Тус улсын 26 сая хүн ам бараг бүхэлдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. Үүнээс гадна 40 орчим хувь нь шим тэжээлийн дутагдалтай гэж судлаачид тооцоолсон байдаг.
Дөрөвдүгээр сарын сүүлээр Умард Солонгост коронавирусийн халдвар дэгдсэн бөгөөд Даваа гарагийн байдлаар 2.8 сая гаруй хүнээс халдварын шинж тэмдэг илэрч, 68 хүн нас баржээ.
Өвчтөнийг илрүүлэх шинжилгээ оношилгооны хүчин чадал муу байгаа тул халдварын тохиолдлын тоо бодит байдал дээр нэлээд өндөр гарна гэж гадаадын ажиглагчид үзэж байна. Бас нас барсан хүний тоо нэлээд цөөн байгаа нь сэжиг төрүүлж байгаа юм.
Харьцуулбал Өмнөд Солонгосын 52 сая хүн амын ихэнх хэсэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан боловч Даваа гарагийн байдлаар 24,000 орчим хүн нас бараад байна.
Эх сурвалж: Associated Press