Шалгалтад орохын өмнө юу идвэл тархи сайн ажиллах вэ
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд гурав хоног үлдсэнтэй холбогдуулан сурагч дүү нартаа уураг тархиа хэрэгтэй үед нь зөв “цэнэглэх” хооллолтын нууцыг хуваалцаж байна. Зөвхөн сурагчид гэлтгүй оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүн бүхэн дараах хүнсийг хоолондоо тогтмол хэрэглэж эрч хүчтэй ажиллаж байгаарай.
Хар шоколад
Хар шоколад нь флавонолл хэмээх антиоксидант, үрэвслийн эсрэг нэгдлээр баялаг учраас цусны даралтыг бууруулж, тархи болон зүрхэнд очих цусны эргэлтийг сайжруулдаг билээ. Мөн кофейн нь хүний тархийг сэргээж, нозооролтыг багасгадаг. Тиймээс л шалгалтанд яг орохынхоо өмнө нэг дөрвөлжин хар шоколад идэх хэрэгтэй.
Авокадо
Дэлхийн хамгийн эрүүл хүнснүүдийн нэг гэгддэг авокадо нь К амин дэм, фолийн хүчлээр баялаг учраас тархинд цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлэхээс гадна сэтгэн бодох үйл ажиллагаа, ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг ажээ. Өглөө бүр нэг авокадог зүсэж хар талхан дээр тавьж идэх юм уу ажил, хичээлдээ авч явж байгаарай.
Хүрэн манжин
Хүрэн манжин нь хорт хавдраас хамгаалах антиоксидантуудаар баялаг бөгөөд бүх төрлийн үрэвслийг намдаах үйлчилгээгээрээ алдартай. Мөн хүрэн манжинд агуулагдах байгалийн натурал нитрат нь тархины цусан хангамжийг идэвхжүүлж, анхаарал төвлөрлийг дээшлүүлж, аливаад дүгнэлт хийх, гаргалгаа олох хурдыг нэмэгдүүлж, нойргүйдлийг багасгадаг аж.
Нэрс
“Бие багатай ч бэлчээр томтой” хүнснүүдийн нэг бол мэдээж нэрс. Яг л байгалиас бидэнд өгсөн амтат чихэр гэсэн үг. К амин дэм, эслэгээр баялагаас гадна нэрсэнд агуулагдах галлын хүчил нь тархийг стресс, ядаргаа, сэтгэх чадварын уналтаас сэргийлдэг аж.
Ясны шөл
Эртний уламжлалт энэхүү жор нь дархлаа дэмжих, ясны бүтцийг тэтгэх, хоолны харшлыг анагаах, тархийг тэжээх үйлчилгээтэй. Ясны шөлөн дэх коллаген, амино хүчил, глицин зэрэг нь үрэвслийг намжааж, дархлааны үйл ажиллагааг хэвийн байлгаж, ой тогтоолтыг сайжруулдаг юм. Хямд үнээр бүтдэг хэрнээ ийм ашиг тустай хүнс өөр ховор болов уу. Амралтын өдрөөр гэртээ ясны шөл чанаж уугаарай.