|

Төрийн торгон сүргийн манлай болсон ХОЁР ЗАГАЛ

Эрхэм уншигч танд энэ удаа цэрэг хүлгийн тухай онцлон өгүүлэх гэж байна. Цэрэг хүлэг хүлэгдээ Төрийн тугийг хүндэтгэн залах, цэнгүүлэх хүндтэй үйл хэргийг гүйцэтгэдэг Төрийн хонжин болон их тугчийн унадаг хоёр загалын тухай өгүүлэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт буюу “Төрийн тугийг хүндэтгэн залах журам”-д зааснаар “Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна. Бүгд 32 морьтон оролцоно. Мөн хонжин, тэргүүн тугч, тугчид зэрэг дэвээрээ ёслолын хувцастай, тэргүүн тугч, тугчид хуяг дуулгатай, хонжин, тэргүүн тугч цагаан зүсмийн азарга, тугчид шарга зүсмийн морь унасан байна. Торгон цэргийн захирагч, түүний орлогч хар, цэргүүд хар, хээр, хүрэн зүсмийн морь унаж торгон цэргийн дүрэмт хувцастай, сэлэм зүүсэн байна. Эгнээний морьд ижил зүстэй, хур дэлтэй байна” гэсэн байдаг.
Тэгэхээр Төгийг тугийг залах 32 дайчин, 32 хүлгийн тэргүүн эгнээнд Төрийн хонжин, их тугч хоёрын хүлэглэдэг хоёр загал буюу бидний ярьж заншснаар бор морьдын тухай та хэр сайн мэдэх вэ?
Төрийн хонжны өдгөө хүлэглэж байгаа бор морийг анх Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэ хүлэг 14 дэх жилдээ Төрийн их наадамдаа оролцох гэж байна. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, өдгөө хурандаа М.Болдбаатар анхлан Төрийн их наадамдаа хүлэглэхээр Шажин хурахын аманд бэлтгэл хангаж байгаа нь энэ.
Төрийн хонжны хийморьлог энэ хүлгийг Ардын хувьсгалын 100, 101 жилийн их баяр наадамдаа сүүлийн удаа үүрэг гүйцэтгүүлээд ирэх жилээс тэтгэвэрт гаргах гэнэ лээ. Учир нь гүйцэтгэл өндөр, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршсан ч гэлээ нас хөгширсөн, чадал тэнхээ суларч байгаа тул арга буюу тэтгэвэрт гаргахаар төлөвлөсөн байна.
14 жилийн туршид Төрийн их наадамдаа, Төрийн туг цэнгүүлэх ёслол болон бусад хүндэтгэлийн арга хэмжээнд морьтон дайчдынхаа өмнө эзэн болсон төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар гарч ирсэн энэ адуу яахын аргагүй төрийн хүлэг санж.
Дараагийн онцлох загал нь их тугчийн хүлэглэдэг бор морь. Есөн хөлт Цагаан тугийн магнай болсон Их тугийг эзэнтэйгээ хамт залах өндөр хариуцлага хүлээдэг адуу гэсэн үг.
Энэ жилээс их тугчийн унах бор морийг шинээр сонгож авсан бөгөөд өдгөө эзэн, хүлэг хоёр нэгэндээ дасах бэлтгэлээ базааж байгаа юм байна. Хуучин загалын хувьд мөн л 2014 оноос хойш найман жил тасралтгүй их тугчтайгаа хамт явсан адуу. Адуучид төрийн торгон сүрэгтээ шилмэл адуугаа бэлэглэх нь түгээмэл байдаг бөгөөд их тугчийн хүлэглэдэг байсан энэхүү загал нь хосоороо Хэнтий аймгийн Батноров сумын малчны хотоос ирж байсан гэнэ. Хүлгийг энэ хугацаанд гурван их тугч буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч Д.Хашхүү, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч О.Оюунбат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Төрийн болон цэргийн ёслол хариуцсан офицер, ахлах дэслэгч А.Ууганбаяр нар унасан байна.
Энэ жил хошууч Д.Хашхүү урьдын адил тэргүүн тугч буюу их тугчаар ажиллах бөгөөд шинэ хүлэгтэйгээ хамт Шажин хурахын аманд бэлтгэлээ базааж байгаа нь тэр. Хэдийгээр өмнөх загал наадмын ёслолд оролцохгүй ч сүргээсээ ер холдохгүй байгаа гэнэ лээ. Төрийн торгон сүрэг юу гүйцэтгэдэг, тэр бүхнийг эзэнгүй гүйцэтгээд, эгнээ байраа эзлээд, бусад хүлэгтэйгээ зэрэгцэн алхаад л тийм хайр төрүүлэм дүр зурагтай бэлтгэлийн орчинд байгаа гэнэ. Ер нь төрийн торгон сүргүүд тэтгэвэрт гараад ижлээсээ ер холдоггүй гэнэ. Бараагаар нь дагаад л, хайрцаглагдаж шогшоод л. Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал, Соёлын гавьяат зүтгэлтэн, бэлтгэл хурандаа Ц.Галбадрах нэгэн ярилцлагадаа “Төрийн торгон сүргийг тэтгэвэрт гаргах хамгийн хэцүү. Өмнөөс нь өмөлзөөд хэцүү байдаг юм. Хэдэн жилийн өмнө есөн хөлт Цагаан туг өргөж явдаг нэг шарга морио хөгшрөхөөр нь хадаг зүүгээд, сэтэрлэчихсэн юм. Тэр шарга Дэлгэрхаан сумын байшингийн сүүдэр, худгаар байдаг байсан. Гэтэл хойтон жил нь зүчидээ ирээд эндчихсэн байсан. Их өрөвдөлтэй юм билээ. Тиймээс би адуугаа хөгшрүүлэх дургүй” гэж хариулсан байдаг. Тэгэхээр энэ замналаар сургагдсан төрийн торгон сүргүүд ижлээ дагаж явсаар энддэг нь гунигтай ч юм шиг.
Ер нь төрийн есөн хөлт Цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолд хоёр загал, найман шарга морь оролцдог нь буурал түүхийн нэг хэсэгтэй салшгүй холбоотой. Энэ нь Их Эзэн Чингис хааны хамгийн хайртай найман шарга адуу болон Чингисийн хоёр загал гэж алдаршиж түүхийн нэгэн хэлхээс болсон домогт хүлгүүдийн бэлгэдэлтэй холбоотой бөгөөд өнөө хүртэл монгол түмнийхээ мэлмийг булааж, сэтгэлийг баясгаж яваа загалууд яах аргагүй төрийн хүлгүүд юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *