Үндсэн хуульт ёс

“Үндсэн хууль гэж юу вэ” гэх асуултад хариулах олон талын өнцөг, олон төрлийн тодорхойлолт бий. Үндсэн хууль бол угтаа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Энэ ч учраас Үндсэн хуулийн үнэт зүйлс, нийтлэг зарчмуудыг тогтоож туурга тусгаар улс орон, засаг төрийнхөө зорилго тэмүүлэл, алсын хараа, төрийн байгууламж, засаглалын хэлбэр, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны хөгжлийн түвшинд хүргэж нийгмийн бүлэг, давхаргын зөвшилцлийн үндсэн дээр тогтоодог хууль эрх зүйн дээд эх сурвалж юм.

Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хууль бол “нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ” мөн. Их Монгол Улсын “Их Засаг” хууль, Английн “Магна Харти” зэрэг нийгмийн зөвшилцлийн баталгаа, төрт ёсны суурь, төрийн эрх мэдлийн хуваарийн хувьд үндсэн хуулийн шинжийг агуулсан төрийн дээд баримт бичиг бий болсон түүх эртнээс уламжлалтай билээ. Харин орчин цагийн агуулга, хэв шинж бүхий Үндсэн хууль нь хүн төрөлхтөн, төрт ёсны түүхийн 200 гаруй жилийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд төрт ёс, эрх зүйн амьдралд үлэмжийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайн улс үндэстний оюуны сэтгэлгээнээс хамааран нийтлэг бус хэв загварын цөөн хэдэн үндсэн хууль бий.

Тухайлбал, Израилийн Үндсэн хууль бичмэл бус үндсэн хуулийн төрөлд багтах бөгөөд 12 төрлийн суурь хууль (Basic Law)-аас бүрдсэн байдаг бол Английн бичмэл бус Үндсэн хуулийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Дэлхийн анхны бичмэл үндсэн хууль XVII зуунд бүтээгдсэн бөгөөд тэр үед улс үндэстнүүд бүхэлдээ улс төрийн шинэ тогтолцоонд орж байсан тул тэрхүү үндсэн хуулийг хувьсгалын пакт гэж дүрсэлсээр ирсэн байна. Тэр цагаас эдүгээ хүртэлх хугацаанд дэлхий нийтээр олон янзын үндсэн
хуулийг бүтээсэн байдаг. Тэдгээрээс цөөнгүй тооны Үндсэн хууль 1989 он буюу хүйтэн дайны төгсгөлд бүтээгдэж “шинэтгэлийн” гэж нэрлэгдэх болжээ. Учир нь эдгээр үндсэн хуулийн зорилго нь ардчилсан институцийг бэхжүүлэхэд оршиж байв.

Дэлхий дээрх 204 улсаас орчин цагийн бичмэл Үндсэн хуульгүй цөөн улс бий бөгөөд улс бүрийн Үндсэн хууль тэдний “хэн бэ” гэдгийг нарийн тодорхойлдог баримт бичиг
юм. Улс бүрийн үндсэн хуулиас тухайн улс, үндэстний хэв шинж, улс төр, нийгэм, соёл, сэтгэлгээний бүхий л онцлог тодрон илэрдэг билээ.

Аливаа үндсэн хуулийн гол үүргийн нэг нь засаглалын институцийг тогтоох болон улсын эрх мэдлийг хэн ямар зорилгоор хэрхэн хэрэгжүүлэхийг тогтооход оршдог байна. Гэхдээ үндсэн хууль гэдэг тэнгэрээс унаж, газраас ургадаг зүйл биш юм. Гагцхүү зөвшилцөх замаар, түүхийн үйл явцаас сонголт хийх улс төрийн тэмцлийн замаар үндсэн хуулийг ард түмэн бүтээдэг билээ. Ардчилсан тогтолцооны үед эрх мэдлийн тулгуур эх сурвалж нь иргэд өөрсдөө байдаг.
Тэдний хувьд үндсэн хууль өөртөө нийгмийн гэрээг агуулдаг гэж үздэг бөгөөд эргээд иргэдийн дэмжлэгийн хариуд тэдний сайн сайхны төлөө Засгийн газрын эрх мэдлийг зохих хэмжээнд хязгаарладаг. Энэхүү эрх мэдлийг хязгаарлах үзэл санааг “үндсэн хуульт ёс” гэж томьёолдог.
Үүнтэй зэрэгцээд өнөө үед үндсэн хуулийн гол ач холбогдол нь дээр дурдсан үндсэн үүргээс аль хэдийн давсан байна. Улс төрийн илүү сайн тогтолцоо руу өөрчлөлт
хийхийн тулд үндсэн хуулийг олон нийтээр хэлэлцүүлдэг. Улс үндэстэн бүр төр, засаглалд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг үндсэн хуультайгаа уялдаатайгаар хайсаар байна. Ард түмэн үндсэн хуульд тусгагдах асуудлыг зөв сонгоход оролцох болон түүнийг хэлэлцэн шийдвэрлэх үйл явц ардчилсан зарчмаар явагдаж олон нийтийн оролцоог хангаж байхыг шаардах болов.

Улс төрийн үгсийн санд “шинэ үндсэн хуульт ёс” гэдэг нэр томьёо орж ирсэн нь үндсэн хуулийн шинэ ач холбогдол чухал болохыг нотолж буй хэрэг юм.
Үүний сорилт нь үндсэн хууль бүтээхдээ нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг хамгийн өргөн хүрээнд сонсох явдал бөгөөд эдгээр бүлгүүдэд эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, нийгмийн эмзэг хэсэг хүртэл багтана. Хүний эрхийн асуудлыг үндсэн хуульд оруулж өгөх, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, хууль сахиулах байгууллагыг иргэний ардчилсан хяналтад оруулах, иргэн бүр чөлөөтэй ажиллаж амьдрах, шударга, итгэл үнэмшилтэйгээр сонгуульд оролцох эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар дахин “шинэ дугуй” зохион бүтээх шаардлагагүй болжээ. Үндсэн хууль нь ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийг үндсэн зарчим хэлбэрээр илэрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд эдгээр нь шүүхийн тайлбараар дамжин өөр өөр цаг үед өөр өөр утгыг илэрхийлэх нь ч бий. Зарим үндсэн хууль нь хэдий ерөнхий боловч заавал дагаж мөрдөх дүрмийг тогтоох, эсхүл аль болох дээд түвшинд хичээн эрмэлзэх стандартыг бий болгодог байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *