Д.Үүрцайх: Парламентын гишүүдийн тоог нэмэхгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөөд ямар ч нэмэргүй
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульч, Үндсэн хууль судлаач Д.Үүрцайхаас дараах тодруулгыг авлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна уу?
-Бид өнгөрсөн 30 жилийн түүхээ эргэж харахад болохгүй байгаа, өрөндөө баригдчихсан, яагаад эдийн засаг нь 10 тэрбум дээр гацчихсан, нийгэмд хариуцлагын тогтолцоо байхгүй болсон, дэлхийн зарим улсууд Азийн бар болоод хөгжчихдөг хугацааг үр дүнгүй өнгөөрчихсөн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүний суурь шалтгаан нь Үндсэн хуульд байна. Төрийн болон сонгуулийн тогтолцоондоо байна гэдэг судлаачдын дүгнэлт гарч байгаа. Дээрх дутагдлуудаа яаж сайжруулах вэ гэхээр Үндсэн хуульд байгаа суурь алдаануудаа засах хэрэгтэй болж байна. Одоо дэлхийн чиг хандлагууд өөрчлөгдөж байна.
Дэлхий дээр болж байгаа үйл явдлууд тухайлбал, Ковид, Орос Украины асуудлаас үүдэн бий болсон эдийн засгийн хямрал, дэлхийн улс орнуудын хандлага гээд аваад үзэхээр бид өнөөдөр л Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийхгүй бол ирэх 10 жилд тэсэх үү, үгүй юу, Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс байж чадах уу үгүй юу гэсэн асуудал үүсэж байна гэж үзэж байгаа. Тийм учраас зайлшгүй Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж аваад ирэх 30 жилээ алдахгүйн тулд урагшлах хэрэгтэй байна.
-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа. Тэгэхээр хүн ам цөөнтэй манайх шиг улсад парламентын гишүүдийн тоог нэмэх ямар шаардлага байгаа юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулж, гишүүд тойрогтоо ажилласан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр санал асуусан хэрэг биш юм. Харин үнэхээр ийм нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг тандаж асуусан үйл явц. Ингэхдээ МАН-аас гаргасан Тунхаг бичигт дурдсан Хүний эрх, Төрийн эрх мэдлийн хувиарлалт, Сонгуулийн тогтолцоо, Орон нутгийн удирдлагыг боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр гарсан санаагаа давхар танилцуулсан. Хоёрдугаарт, гишүүдийн тоог өнөөдөр зайлшгүй нэмэх шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн тойргийн төсөв ярьдаг, урт хугацааны хөгжлийн бодлого ярьж чаддаггүй явж ирлээ. Уул уурхайгаас олсон хэдэн төгрөгөө тойргуудад хувааж, жалга довонд аваачиж Угтах хаалга, Соёлын төв хийж үрэн таран хийчихээд байгаа юм. Энэ бол өнгөрсөн 30 жилд Монгол Улсын хөгжлийг гацаасан гол шалтгаан. Сонгуулийн тогтолцоонд аль болох хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтыг сонгоод сүүлд нь түүнийг үндэслэн суудал хуваарилдаг тогтолцоог оруулах хэрэгтэй. Дэлхий дээр парламентын ардчилал амжилттай хөгжиж байгаа улсууд бүгд ийм тогтолцоотой байна. Сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчлөхөөр гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, төлөөллийн зарчмыг хангах хэрэгтэй. Анх 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдаж байхад 20 мянган хүнийг нэг гишүүн төлөөлөхөөр тооцож 76 гэсэн тоог гаргасан. Харин өнөөдөр Монгол Улсын хүн ам өсөж, сонгогчдын тоо нэг саяар нэмэгдсэн. Ийм нөхцөлд 50-60 мянган хүнийг нэг гишүүн төлөөлж байгаас нэг кнопны эрх мэдэл хэт өндөр байна. Үүнийгээ дагаад авлига, тендерийн хулгай цэцэглэж байгаа. Энэ болгон хөгжлийг хойш нь татаж, ард түмний амьдралыг хүндрүүлж байна. Гуравдугаарт, өмнөд болон хойд хөршөд болж байгаа үйл явдал, хоёр хөршөөс манайд ирдэг тулгалт, геополитикийн нөхцөл байдлуудаас шалтгаалан нэг гишүүний эрх мэдлийг багасгаж, хууль тогтоомжоо чанартай гаргадаг болох чиглэл рүү явахгүй бол болохгүй. Дэлхийн улсуудын жишгийг хараад судлаачдын дүгнэлтийг харахад манай улс гишүүдийнхээ тоог дор хаяж нэг дахин нэмэх хэрэгтэй. Ингэж байж хуйвалдаж Засгийн газраа унагаадаг, хууль баталдаг байдал арилна. Авлига, тендерийн хулгай багасах гэсэн эерэг өөрчлөлтүүд гарна.
-2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж үзсэн шүү дээ?
-Яг үнэн. Энэ үед эерэг өөрчлөлтүүд гарсан. Үүнийгээ цааш хэрэглэсэн бол улс төрийн намууд төлөвших чиглэлд өөрчлөлт гарах байсан. Дээрээс нь зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд энэ асуудал шийдэгдэхгүй. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдааг засах хэрэгтэй. Мөн улс төрийн намын болон сонгуулийн хуулиа зөв болгож өөрчлөх ёстой. Ингэж цогцоор нь авч үзэх өөрчлөлтийг л бид шаардаад явж байна.
-Холимог тогтолцоо иргэдийн сонгох эрхийг хангахгүй байна гэж ҮХЦ үзэж байсан. Дээрээс нь Үндсэн хуульдаа найман жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэсэн дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалт зэргийг хэрхэх юм бэ?
-Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн тэр бол үнэндээ Засгийн газар, төрийн тогтвортой байдал гэхээс илүү 2016 оны сонгуульд улс төрийн намууд яаж ялах вэ гэдэг жижиг сонирхолд хөтлөгдсөн процесс болсон. Үүнийг судлаачид хэлдэг, улстөрчид ч хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ өөрчлөлт үнэхээр ухралт болсон. Хоёрдугаарт, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд бидний хамгийн гол хийх ёстой зүйл бол парламент нь Засгийн газраа унагааж болдог юм бол эргээд Ерөнхий сайдын санаачилгаар УИХ-аа тарааж, эрх мэдлийг ард түмэнд буцаан өгдөг өөрчлөлтийг хийх ёстой. Үүнийг хийхгүй айж явсаар 30 жилээ алдчихсан. Энэ бол сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэхээс илүү чухал.
Мөн өнгөрсөн хугацаад 17 Ерөнхий сайд солигдох гол шалтгааны нэг нь Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл өгсөн явдал. Тиймээс Ерөнхийлөгчөө парламентын ардчилалтай улсууд шиг бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгч болгох шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож болох ч байх шаардлагагүй бүрэн эрхүүдийг Үндсэн хуулиасаа авах хэрэгтэй. Тэгж байж төр нь цэгцэрч, нэг чиглэлд урагшилдаг болно.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин