Таны санал илүү, эсвэл дутуу тэмдэглэвэл хүчингүй болно
Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд хоёр тогтолцоо хосолж явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэг саналын хуудас сонгогчийн гар дээр очдог байсан бол одоо хоёр саналын хуудас очно гэсэн үг.
НЭГ ХУУДАС ДЭЭР НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРС БАЙНА. ХАРИН НӨГӨӨ САНАЛЫН ХУУДАС ДЭЭР НЬ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛИЙН НЭРС БАЙНА.
Нэр дэвшигчдийг сонгох хэсэг
Нэр дэвшигчдийн нэртэй хуудас дээр таны тойрогт хэдэн мандатын тоо байгаагаас шалтгаалан тэр тоогоор нь нэр дэвшигчдийн нэрсийн урд байрлах зууван дүрсийг дүүргэн будна.
Жишээлбэл, наймдугаар тойрогт таван мандаттай гэсэн бол таван хүний нэрийн урд байрлах зууван дүрсийг дүүргэн будна гэсэн үг. Тиймээс таны тойрогт хэдэн нэр дэвшигч байгаа тэр тоогоор нь л тэмдэглэх ёстой. Хэрэв илүү тэмдэглэсэн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Мөн мандатын тооноос дутуу санал тэмдэглэснээс шалтгаалан таны саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншаагүй бол тухайн саналын хуудас дээрээ мандатын тоотой тэнцүүлэн дүүргэн будаж тэмдэглэнэ.
Нам эвслийг сонгох хэсэг
Нам, эвслийн нэртэй саналын хуудсан дээр зөвхөн нэг л намыг сонгож саналаа тэмдэглэнэ.
Дашрамд дурдахад, мэдэхгүй зүйл гарвал санал авах байран дахь сонгуулийн ажилтнаас асуух боломжтой. Мөн өмнөх саналын хуудас хүчингүй болсон аль эсвэл буруу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд дахин нэг саналын хуудас авах эрхтэй.