УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.06.28) 07.00 цагт орон даяар албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн ээлжит сонгуульд 2 сая 224 мянган сонгогч УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгож, УИХ түүхэнд анх удаа 126 гишүүнтэй болно.
Энэ удаагийн сонгуульд 1341 нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлж, зургаадугаар сарын 10-наас 26-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаагаа хийсэн. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон билээ.
Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан юм.
Сонгуулийн тогтолцооноос хамаарч саналын хуудас нь хоёр хэсэгтэй байх ба тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд саналаа өгнө. Гадаад суугаа монгол иргэдийн хувьд зөвхөн нам эвслийн төлөө саналаа өгсөн.
УИХ-аас тогтоосноор, 2024 оны ээлжит сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэнэ. Монгол Улс 2012 оны ээлжит сонгуулиас хойш сонгогчийн санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд уг автоматжуулсан систем нэвтрүүлсэн санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор бүх хэсэгт хяналтын тооллогыг гар аргаар явуулна.