БАРИМТ: ЭМЯ нэг удаагийн комбинзон худалдан авахад 4 ТЭРБУМ төгрөгийн шууд гэрээ байгуулжээ

Аудитын байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2021 онд төрийн байгууллагуудын санхүүгийн байдал, үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яаманд шалгалт хийсэн байна. Коронавирусийн цар тахалтай холбогдуулан тус яамны хувьд маш олон мөнгөн гүйлгээ хийсэн. Тэгвэл аудитын шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал: 

  • Тайлант онд Коронавируст халдварын цар тахалтай холбоотой бэлтгэсэн хөрөнгийн зарцуулалт, хувиарилсан шийдвэр, бүртгэл тайлан зөрүүтэй, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж баталгаажуулаагүй.
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн худалдан авалт хийхдээ холбогдох хуулийг хэрэгжүүлээгүй, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн зохицуулалтгүй
  • Авлага, урьдчилж төлсөн зардлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй
  • Төсвийн хөрөнгийн зарцуулалт, гэрээний хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалт, өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлээгүй
  • Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг түгээмэл зөрчил илэрчээ.

Зөрчлүүдээс дурдвал:

Эрүүл мэндийн яам нь 2020 онд буюу  коронавирусийн цар тахлын үеэр “Мөнхийн тун” ХХК-аас “Нэг удаагийн амны хаалт”, “Үзлэгийн бээлий”, “Нэг удаагийн халад”, “Нэг удаагийн улавч” худалдан авчээ.

Улмаар 2021 онд  гэрээнд тусгагдсан нийт үнийн дүнгийн 20 хувьд “Нэг удаагийн конбинзон” нийлүүлэх нэмэлт гэрээг шууд байгуулж, 4,303,180,000 төгрөгийн худалдан авалт хийсэн нь илэрсэн байна.

 

Ингэснээр Үндэсний Аудитын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 заалтыг зөрчсөнд тооцжээ.

Түүнчлэн “Саммит медикал” ХХК-тай “Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж Philips: Соронзон резонанст томографын аппарат засвар”-ын 340,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан ч, 499,262,788 төгрөгийн санхүүжилт авчээ. Илүү тусгагдсан 159,262,788 сая төгрөгийн тооцоог тайландаа тусгаагүй, зарцуулалт тодорхой бус гэх зөрчил илэрсэн байна.

Мөн үндэслэлгүй халагдсан гэх ажилтанд төсвийн мөнгөнөөс 30,254, 016 төгрөгийг нийт ажилгүй байх хугацаанд нөхөн олговроор олгожээ. Угтаа уг зардлыг тухайн ажилтныг хууль бусаар буюу үндэслэлгүй халсан албан тушаалтнаас нөхөн төлүүлэх байсныг ийн зөрчжээ.

Улмаар Аудитын газраас тухайн хугацаанд Эрүүл мэндийн яамны данснаас гарсан 30,254,016 төгрөгийг Үндэсний Аудитын газрын Төрийн сан банкин дахь Аудитын шалгалтын дансанд нөхөн төлүүлэхээр болсон байна.

 

Эрүүл мэндийн яам тайлант онд нийт 4,872,748,500.00 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг байгууллагуудад тараах хуваарийг нийлүүлэгчдэд баталж өгөөгүй, гэрээ дүгнэсэн актыг тухай бүр үйлдээгүй, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай албан бичгээр заавар өгөөгүй, гэрээг хэрэгжүүлэх боломжит арга замыг тодорхойлоогүй зэрэг захиалагчаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанаас 1-65 хоног хоцроожээ.

Мөн Аудитаар нийт 117,050,226.9 мянган төгрөгийн 14 алдаа, зөрчил илэрчээ. Үүнээс, 30,555,118.4 мянган төгрөгийн дөрвөн алдааг залруулж, 30,254.0 мянган төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт, 86,412,488.8 мянган төгрөгийн зөрчилд долоон албан шаардлага, 52,365.7 мянган төгрөгийн зөрчлийн давтан гаргахгүй байх хоёр зөвлөмж өгсөн аж.

О.ЦОЛМОН 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *