БАЙР СУУРЬ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдийн санаа бодол
ИРГЭН П.ЖАВЗМАА:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, сонгуулийн системийг өөрчлөх асуудал яригдаж байна. Иргэн хүний хувьд та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчилж оролдоод байх нь нэг их сайнгүй л байх. Гэхдээ буруу гээд 30 гаруй жил болохгүй байсан зүйлийг засахгүй байгаад байж болохгүй. УИХ-ын гишүүний тоог нэмнэ гээд байгаа нь зөв. 76 гишүүний талаас илүү нь гээд 38-хан хүн хууль баталдаг байх уу, 150 гишүүний талаас илүү нь гээд доод тал нь 75 гишүүн хууль баталдаг байх уу гэдгийг бодох хэрэгтэй. Эндээс л ардчиллаа хамгаалж үлдэх, парламентын засаглалаа бэхжүүлэх асуудал эхлэх хэрэгтэй шүү дээ. Байнга л санал зөрөлдөж байдаг намууд хууль өөрчлөх тал дээр санал нэгдэж байгаа нь харин хамгийн том ололт, амжилт гэж ойлгож байгаа. Намууд Тунхаг бичиг байгуулах үед МАН ын зүгээс хүний эрхийн асуудлыг 1-рт эрэмбэлж байгаагаа тодотгож байсан. Хүний эрхийн асуудал дээр таны байр суурь? Хүний эрхийг хамгаалах асуудлын хувьд МАН энэ асуудлыг нэгдүгээр асуудал болгон оруулж байна. Энэ бол хамгийн зөв, хамгийн чухал асуудал.
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах асуудал, хот хөдөөгийн хөгжлийн асуудал бас яригдаж байна?
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна гээд олон зам, гүүр яриад байдаг. Гэтэл шийдэгдсэн юм нэг ч алга. Бүр ч их түгжрэлтэй болоод байна. Тэгэхээр өмнө нь хэрэгжүүлж байсан арга хэмжээ байгаа оноогүй байна гэсэн үг. Харин өөр олон хот байгуулж төрөлжүүлбэл хүний бөөгнөрөл саарах байх. Герман улсад л гэхэд Бонн хот нь банк санхүүгийнх, Көлн хот нь урлаг спортын одуудынх, Берлин нь төр засгийн байгууллага байдаг гээд төрөлжсөн байдаг шүү дээ.
ИРГЭН Р.НЯМЦЭРЭН:
-Сонгуулийн хуулийг өөрчлөх цаг үе нь мөн үү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Парламентын засаглалыг сонгоод 30 гаруй жил болж байгаа Монгол улс цаашид энэ засаглалаа улам сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөхгүйгээр цаашид явбал ямар сүйрэл, эмгэнэл хүлээж байгааг бид гадаадын олон улсаас өдөр бүр л харж байна ш дээ. Ядаж улсын төсвийг 76 хувааж 76 гишүүн иддэг эсвэл цөөн хэдхэн хүнд зориулсан хаалга цонх солиод байх нь хөгжлийг улам л удаашруулж зогсооно. Зүгээр ч зогсохгүй цаашлаад Монгол улс байх уу үгүй юу гэдэг асуудал ч яригдах байх. Татвар төлөгчдийн мөнгийг 76 бодлогоор биш нэгдсэн бодлогоор зарцуулж үйлдвэр, сургууль цэцэрлэг, дэд бүтцийн салбарт зарцуулах ёстой. Ийм болохын тулд сонгуулийн өнөөдрийн тогтолцоог өөрчилж пропорциональ тогтолцоонд шилжих хэрэгтэй. Эсвэл холимог тогтолцоотой болох хэрэгтэй ш дээ. Нэг нам олон жил эрх бариад байвал эцэстээ дарангуйлал гэдэг чинь бодитоор бий болно ш дээ.
-Хүний эрхийн хамгааллыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам баталгаажуулах асуудал намуудын гарын үсэг зурсан Тунхагбичигт туссан байгаа?
-Хүний эрхийг хамгаалах асуудлын хувьд хамгийн дээр хууль байх ёстой. Тэгээд төр ард түмэн хоёр ижил түвшинд байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд эрх мэдэлтэй хүн, жирийн иргэн гэдэг хоёр хүний эрх ижил түвшинд очно. Өнөөдөр гэтэл эрх мэдэл, мөнгөтэй хэсэг хүмүүс нь хамгийн дээр нь түүний доор хууль, хуулийн дор ард түмэн байгаад байна ш дээ. Ийм үед хүний эрхийг төрийн байгууллага хамгаална, хангана гэж ярьж байгаа нь маш зөв.
ИРГЭН Д.ХҮРЭЛСҮХ:
-Хууль батлах дээд байгууллага буюу УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?
-Мөнгөтэй хүмүүс өөртөө зориулж хууль батлуулахад өнөөдөр Монгол улсад хамгийн амархан болсон. Ердөө 30-40 хүнийг хахуулдахад л хүссэн хуулиа батлуулж байна. Үүгээр юу харагдаж байна вэ гэвэл төрийн эрх мэдлийг мөнгөтэй л бол хэн дуртай нь авах эрсдэл байна гэсэн үг шүү дээ. Харин 200 болгочихвол ямар ч тэнэг хүн 100 гаруй хүн хахуулдах гэж хамаг байдаг мөнгөө зараад байхгүй. Тийм болохоор энэ яригдаад байгаа Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг дэмжиж байгаа. Харин намууд үүн дээр санал нэгдэж байгаад нь туйлын баяртай байна үнэхээр.
-Бусад хотуудын хөгжлийг дэмжих асуудал ҮХНӨ-ийн хуулийн саналд тусгагдсан байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Улаанбаатар хотод хүмүүс шаваад холын аймгууд эзгүйдэж эхэллээ. Энэ чинь эх орны тодорхой хэсэг маань хамгаалах эзэнгүй болж байна гэсэн үг ш дээ. Өөр хот байгуулна, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна гэдэг асуудал хойшлуулшгүй асуудал гэж иргэн хүний хувьд бодож байна.
ИРГЭН Л.ЭРДЭНЭЧИМЭГ БАГШ:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтхийх нь зөв үү?
-Ер нь бол өөрчлөх нь зүйтэй ш дээ. Алдаа оноотой зүйл, заалт маш олон байгаа. Үндсэн хуульд байгаа алдаа, доголдлоос болж бүх зүйл гажуудаж байна. Тийм ч учраас ард түмэн бухимдалтай байна. Өөрчлөхийг бол дэмжиж байгаа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр санал нэгдэж байна. Парламентын засаглалаа бэхжүүлэх нь зүйтэй гэж байгаатай холбоотой байх. Таны санал ямар байна вэ?
-УИХ-ын гишүүдийг олон болгоно гэж ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Хүн амынхаа тоотой харьцуулсан ч гэсэн олон болох шаардлагагүй байх. Ажил хийж, амьдралд яг гар бие оролцдог нь хэд билээ. Хууль яриад л байгаад байх нь тийм ч чухал биш. 76 гишүүнээрээ байвал зүгээр байх. Харин ч бүр цөөлөх талын асуудал яригдвал санал нэгтэй л байна.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал нийгэмд хүчтэй яригдаж байна. Энэ зөв үү?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв. Нэг том тойрог байсан нь дээр ш дээ ерөнхийлөгчийн сонгууль шиг. Хуучны 76 жижиг тойрог гэдгийг бол дэмжихгүй л байна. Ерөнхийлөгчийн сонгууль чинь улс орон даяараа нэг хийгээд болоод байна ш дээ. Түүн шиг нэг том тойрогтой байж болно ш дээ. Пропорциональ тогтолцоотой болох саналыг бол дэмжиж байгаа.
-Төрийн сүлдийг шинэчлэх, өөрчлөх нь зөв үү?
-Төрийн сүлдний хувьд хуучны төрийн сүлд бол их аятайхан. Тиймээс уламжлал, шинэчлэлтээ багтаагаад өнөөдрийн төрийн сүлдийг өөрчлөх нь зөв. Одоогийн төрийн сүлд бол хөдөлдөггүй хэвтээ, хөшүүн морь гэхэд хэцүү дүрслэл байдаг. Тиймээс амьд, амьдруулах хэлбэрээр өөрчлөх хэрэгтэй.
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжиж төрөлжсөн хотуудтай болох ёстой гэсэн санал байгаа?
-Төвлөрлийг сааруулах нь маш чухал. Чиглэл чиглэлээр төрөлжүүлээд хөгжүүлбэл мэргэжилтэй боловсон хүчнүүд ч гэсэн тухайн хотууд уруугаа очиж ажиллаж амьдрах асуудал яригдана. Тиймээс энэ асуудлыг дэмжиж байгаа. Эцэст нь хөдөө орон нутаг хөгжиж, эх орон эзэнтэй болно.
ОРЧУУЛАГЧ Б.ЦОМИРЛИГ:
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Аль нэгэн улс төрийн нам өрсөлдөх хүсэлтэй хүнээ сонгоод байгаа ш өнөөдөр. Намдаа хандив өгч байж өрсөлдөх эрхийг олж авч байгаа. Энэ нь хөрөнгө мөнгөгүй атлаа үнэхээр улс орныхоо төлөө зоригтойгоор тэмцэж ажиллах хүмүүсийг сонгуульд өрсөлдөх боломжийг үгүй хийгээд байна. Энэ бол буруу тогтолцоо. Тиймээс өнөөдрийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хэр зөв бэ?
-Харин ч бүр цөөлөх ёстой. Тухайлбал баруун гурван аймгаас нэг гишүүн гэдэг ч юм уу. Яг үнэхээр ард түмнийхээ төлөө юм хийдэг бол нэмэх асуудал байж болно. Гэтэл өнөөдөр тийм хүн байхгүй байна ш дээ. Тийм болохоор нэмэх асуудал өнөөдөр хийгдэх асуудал биш байхаа.
-Хөдөөгийн хөгжлийг дэмжих үүднээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж төрөлжсөн хот байгуулах асуудал яригдаж байгаа. Таны байр суурь?
-Заавал хөдөө аймаг гэхгүйгээр хотыг зах уруу нь тэлж хөгжүүлбэл илүү хялбар байх болов уу. Яах вэ, цаашдаа бол аймаг орон нутгийн хөгжлийн үүднээс ийм шийдэл гаргах нь зөв болох байх л даа