ХМХН-ын дарга Б.Одсүрэн: Одоогийн үндсэн хууль “Хүн амьд явах эрхтэй” гэдэг заалттай зөрчилдөж байна
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өдгөө олны анхаарлын төвд ороод буй. Бид уг асуудлаар “Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам”-ын дарга Б.Одсүрэнтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.
-Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг анх гаргаж, хүсэлтээ Улсын их хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн иргэдийн төлөөллийн нэг. Үндсэн хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн бэ?
-Тийм ээ. 16 намын төлөөлөл нэгдээд, Улсын их хурлын даргад “Тогтолцооны өөрчлөлтөө үндсэн хуульдаа тусгая” гэдэг саналаа хүргүүлсэн. Үгүй бол сонгуулийн тогтолцоо эрх баригч намуудад л үйлчлээд байна шүү дээ. Та бүхэн ч гэсэн харж л байгаа байх. Цаашид ийм байдлаар явах боломжгүй юм.
-ЦААЗЫН ЯЛЫГ 2011 ОНООС ХОЙШ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ Ч, ҮНДСЭН ХУУЛЬДАА БАЙСААР БАЙНА-
-Хоёрдугаарт ард иргэдийн санал гээгдээд байна. Тавин хувийн санал авсан намууд их хуралд төлөөллөө оруулж чадахгүй байна шүү дээ. Гэтэл 44 хувийн санал авсан МАН нийт гишүүдийнхээ 80 хувийг их хуралд төлөөлөл болгон оруулж байна. Яг энэ парламент олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан орны хувьд ард иргэдийн гишүүддээ өгсөн санал бүрэн хэмжээний сонгуулийн үр дүнгээр гарч ирэхгүй байна.
2012 онд нэлээн боломжийн олон нам, их хуралд ороод тэдгээр намуудын дуу хоолой, үзэл бодол нь их хурлын шийдвэрт нөлөөлж, ажлын хэсэг байгуулаад ажил урагштай явж байлаа шүү дээ. Энэ нь Монголын ард түмний эрх ашигт илүү нийцэх юм. Үүний үндсэнд л 16 нам нэгдээд уг хүсэлтээ хүргүүлсэн юм. Бидний хувьд их хуралд суудалтай байгаа намууд биш шүү дээ. Яах вэ, биднээс ХҮН орж байгаа л даа. Ингээд “Дөрвөн зүйл заалт дээр өөрчлөлт оруулъя аа” гэдэг 37-р тогтоол гарлаа шүү дээ. Тэгэхээр хүрээллийг нь тодорхой болгохын тулд Улсын их хурлаас нь 37-р тогтоолыг батлаад, энэ хүрээнд ярьсан зүйлсээ хийнэ гэдэг шийдвэр гаргасныг зөв л гэж бодож байна.
-Энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хүний эрх, эрх чөлөөг илүү онцолж байгаа. Цаазын ялыг үндсэн хуулиас халах тухай агуулга дээр иргэд нэгдэж байсан?
-Тийм ээ. Манай улсын үндсэн хуулинд “Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч Үндсэн хууль дээрээ байсаар байгаа. Хэдийгээр цаазын ялыг 2011 оноос хойш практик дээр хэрэгжүүлээгүй ч, үндсэн хуульдаа “цаазын ял байна” гээд тунхаглачихаар “Хүн амьд явах эрхтэй” гэдэг заалттай зөрчилдөж байгаа юм.
Хоёрдугаарт амь нас, эрхэндээ халдуулсан хүмүүс, цаашлаад улс төрийн болон бусад шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүс дээд шүүх цаашлаад “Үндсэн хуулийн цэц”-д хандах эрхтэй болгох заалтыг оруулах гээд байгаа юм. Үүнийг зөв зүйтэй гэж би бодож байна.
-ЯАГААД ГЭХЭЭР АРДЧИЛСАН НИЙГЭМД АЛИВАА НИЙГМИЙН ГОЛ СУУРЬ НЬ ХҮНИЙ ЭРХ ШҮҮ ДЭЭ-
-Үндсэн дөрвөн заалтыг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах хүсэлтэй байгаа гэсэн. Тэдгээр заалтуудтай санал нэг байгаа юу?
-Санал нэг байгаа. Хамгийн гол нь тогтолцоо. Түүнээс гишүүдийн тоо чухал биш. Ерөөсөө л одоогийн парламент хараат бус олон намын тогтолцоотой, олон хяналттай болох учиртай. Тэгэхгүй бол төсөв баталдаг, 76 гишүүн өнөө л тус тусынхаа тойрогтоо зарцуулахаар аваад явдаг.
-УИХ-ын гишүүдийн тоог ихэсгэвэл “мөнгө их иднэ” хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна?
-Тийм ээ. Энэ тухай хүмүүс маш их юм ярьж байна л даа. “Гишүүдийн тоог 150, 200 болгоно” гэдэг байр суурийг би илэрхийлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр нэгэнт холимог тогтолцоо руу шилжвэл, тойрогтой гишүүдийн тоо цөөрөөд, тойроггүй нь ч нэгдээд нэг тойрог гээд явна шүү дээ.
Тэгэхээр тоо нэг их чухал биш. Гишүүдийн тоо нэмэгдвэл захиргааны зардал л нэмэгдэнэ гэж харж байгаа. Захиргааны зардлыг тооцож үзэхэд, 200 гишүүнтэй болоход 5, 6 тэрбум төгрөг л нэмэгдэх юм билээ. Үр дүн нь бол тэрнээсээ хэдэн арав дахин илүү байна гэж харж байгаа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.