Хоёр жилийн дараах үндсэн хуулийн өөрчлөлт бодит шаардлага мөн үү

ӨӨРЧИЛЖ БОЛДОГ БАЙЖ

Тусгаар улс бүрийн хувьд Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх, төрийн байгууллагын үндсийг тогтоож өгсөн тулгуур баримт бичиг нь байдаг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль тунчиг чамбай болсондоо нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд томоохон өөрчлөлт гарах бүрийд нэмэлт өөрчлөлт оруулалгүй энэ хүрсэн гэж ярих хүмүүс олон. 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа иргэдийн оролцоог хангаагүй, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны зарчимд нийцээгүй аргыг хэрэглэж өөрчлөлт хийснээрээ багагүй шүүмжлэл дагуулдаг. Тухайн үед Үндэсний удирдагч хүртэл өргөмжлөгдсөн улс төрч өөрийн үзэмжээр өөрчлөлт хийсэн гэж үзэх хүмүүс олон байсных уу, дордуулсан долоон өөрчлөлтийн тухай шүүмжлэн ярих болсон. Энэ ч итгэл үнэмшлээрээ Үндсэн хуульд бараг 20 жилийн турш өөрчлөлт хийж чадаагүй билээ. Сүүлдээ Үндсэн хуульдаа гар хүрч болохгүй тухай итгэл үнэмшил суутал энэ байдал үргэлжилсэн юм. Уг нь дэлхийн ардчилсан Үндсэн хуулийн загвар гэгддэг АНУ-ын Үндсэн хууль батлагдаад дөрвөн жилийн дараа нэмэлт өөрчлөлтийг хийж байсан бөгөөд тэр өөрчлөлтөөр хүний үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө гэхчлэн чухал заалтууд нэмэгдсэн байдаг. Хүний үндсэн суурь эрхийг тусгаж өгөөгүй эх хууль ч гэж юу байхав. Тэнд нэмэлт өөрчлөлт хийгдэхгүй хорь, гучин жил ч болно. Эсвэл оны эхэнд буюу нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж, бас арванхоёрдугаар сард оруулах зэргээр жилд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт хийсэн байх нь бий. Үнэхээр илүү сайжруулах хэрэгцээтэй, чухал шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлтөө оруулаад л явдаг.

ӨӨРИЙН ХҮЛЭЭС

Харин манайхны гар хүрч болохгүй гэсэн “дархлаа” арай л удсан шиг санагддаг. Дархлааны системийн алдаа харшил гээчийг үүсгэж, хүний бие махбодид аюул дагуулахгүй мод, арц, эсвэл шарилжаас бие өөрийгөө хамгаалж, нус цэр их хэмжээгээр ялгаруулаад эзнээ харшилд харшуулаад эхэлдэг шиг Үндсэн хуулиа сав хийвэл өөрчилж, үнэт утга агуулгыг нь хөндөхөөс айсан бидний сэтгэлзүй бас чамгүй хямралыг дагуулжээ. Өнөөдрийн улс төр, нийгмийн хямралын эх үүнтэй холбоотой гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. 2012 оноос улс орны хөгжил, нийгэм, улс төр, эдийн засгийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй шаардаж байгааг ярих болж ажлын хэсэг байгуулж, 2016 оноос нэлээд бодитой өөрчлөлт яригдаж, эрдэмтэн судлаачдаар эгнээгээ тэлсэн ажлын хэсэг ажиллан, иргэд судлаачдын оролцоотой зөвлөлдөх уулзалтуудыг хийж, улмаар хуулийн төсөл дээр ажиллах болсон нь түүх болон үлджээ. Хуудас нь ч шарлаж амжаагүй саяхны хэрэг явдал л даа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх үйл явц бол тийм ч амар биш. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн 75 хувиас дээш буюу 57-гоос дээш хүний санал нэгдэж байж л асуудал шийдэгдэнэ. Харин улс төрийн сонирхол, нөхцөл байдал, улс төрийн хүчнүүд голынхоо аль талд байгаа эсэх, төрийн өндөрлөгүүдийн ойлголцол, иргэдийн хүлээн зөвшөөрөлт гээд олон зүйл нөлөөлнө. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бас ч гэж тэрхүү даваа гүвээг даван байж, хорь шахам жилийн дараа хийгдсэн нэмэлт өөрчлөлт болж байлаа.

БҮХ ЗҮЙЛ ӨӨРИЙН ЦАГТАЙ

Харин одоо дахиад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яриад эхлэхээр хүмүүс янз янзаар хүлээн авч байна. Зарим нь саяхан өөрчилчхөөд яагаад дахиад өөрчлөх гээд байгаа юм, ингээд байн, байн гар хүрээд байж болох юм уу, эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөлт оруулж ирээд байдаг болох вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ өмнөх хорин жилийнх шиг өөрчилж, болохгүй гар хүрч болохгүй гэсэн ойлголт дийлэнхдээ алга болжээ. Үнэхээр болохгүй байгаа бол улам бүр өөрчлөөд сайжруулаад явах нь зөв гэдэг сэтгэл зүй тогтжээ. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад удаагүй байхад дахин өөрчлөлт хийх боломжгүй гэсэн үзэл санаа 2021 оны аравдугаар сартай харьцуулахад одоо эрс өөрчлөгдсөн талаар Т.Доржханд гишүүн нэгэн ярилцлагадаа дурдсан байна лээ. Түүнийхээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Засгийн газрын тэргүүн кабинетынхаа тогтвортой байдлыг хангах үүднээс засгаа бие даан бүрдүүлэх эрхтэй ч УИХ-аас дөрвөн гишүүн сайд байх боломжтой гэсэн нь уг заалттайгаа зөрчилдөөд байгаа, мөн Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн чуулганаар томилдог хэлбэр рүү орох нь зөв гэж үзэж байгаа. Ер нь ганц Т.Доржханд ч гишүүн биш УИХ-д суудалтай намууд үүн дээр харьцангуй нэгдмэл, үүнийгээ тулсан хэрэгцээ шаардлага хэмээж байгаа юм билээ. Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үед энэ асуудлууд яригдаж байгаагүй биш яригдаж л байсан. Гэхдээ бүрэн ойлголцолд хүрч чадаагүй, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан зөрүүтэй ойлголтуудын улмаас асуудал тэгсгээд явчихсныг улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Яг үнэндээ Үндсэн хуульд одоогийн яригдаж байгаа шигээр Ерөнхийлөгч томилогдохыг хуульчлаад өгчихсөн байсан бол Ерөнхийлөгчтэй ойлголцоогүйгээс энэ асуудал зогссон, хүлээгдсэн гэдэг асуудал гарахгүй л дээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ БА ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

1992 оны Үндсэн хууль батлагдах хүртэл АИХ-аас гаргасан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор зохицуулж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат томилогдож байсан түүхтэй. Харин ард түмний саналаар сонгогдох болсноор парламент ч, Ерөнхийлөгч нь ч түмэн олны саналаар сонгогдсон гээд эрх мэдлийн зөрчилдөөнтэй, томилдог шийддэг албан тушаалуудаараа зөрүүлэн биесээ боомилсон маягтай болж манай улс төрийн амьдралын орооцолдоонт үйл явдал эхэлсэн билээ. Аль ч намаас сонгогдсон ямар ч Ерөнхийлөгч намтайгаа тангараг тасран, чуулганы намар, хаврын чуулган дээр өөхөнд боосон чулуу нүүлгэдэг эмгэнэлт жүжгийн тавилт бий. Энэ асуудлыг нэг тийш нь болгох боломжтой үе магад одоо тохиож байж болох юм. Сайн тал нь гэвэл Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх эрх мэдэлд оролцож, нөлөөлөөд байдаг нь багасна. Засгийн газар хариуцлагаа үүрсэн шиг үүрч, хариуцсан шиг хариуцах боломжтой болно. Улс төржилт багасна. Адаглаад дараалж болдог хоёр сонгуулийн нэгийн зардал хэмнэнэ. Жинхэнэ утгаараа Ерөнхийлөгч эв санааны бэлгэ тэмдэг болох боломжтой. Мэдээж сөрөг тал бий. Сонгуульд ялалт байгуулсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөс сонгогдох магадлалтай учраас өмнөх жилийн УИХ-ын сонгуулиа харж байгаад зөрүүлээд хяналтын журмаар Ерөнхийлөгчөө сонгочихдог манайхны сэтгэл зүйд таалагдахгүй.
Монголчуудын төрийн эрх мэдэл нэг гарт хэт төвлөрөхөөс сэргийлдэг тэр ухаан бас чухал ухаан. Ард түмний сонголтоор гараагүй хүн нийтлэг эрх ашгаас илүү нам фракцын эрх ашгийг өндөрт тавихыг үгүйсгэхгүй.

ГИШҮҮДИЙН ТОО

1992 онд баталсан 76 гишүүний тоо бол 30 мянган иргэнд ч нэг билүү төлөөллийн зарчмыг хүн амын тоогоор хувилж гаргаж байсан бол одоо хүн ам даруй 3.3 сая болсон тул 100 давах ёстой гэж үзэх болсон. 99, 108 гээд айхтар бэлгэдэл бодохоос илүүтэй хүн амаа бүрэн төгс төлөөлж болох бодит тоог ярихаас аргагүй. Парламентын төлөөлөх чадварыг сайжруулахад тоо нэмэх явдал чухал. Нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг багасгаж, хараат бусаар ажиллуулахад дэмтэй. Манайх газар нутгийн төлөөллийг хангаад байдаг ч сонгогчдын төлөөллийг хангах дээр учир дутагдалтайд тооцогддог. Орон нутгаас сонгогдсон гишүүн 55315 сонгогчийг төлөөлж байхад хотоос сонгогдсон нь 99377-г төлөөлж байгаа гэсэн тоо байна лээ. Сонгуулийн систем ийм байдалд хүргэсэн гэж судлаачид онцолдог. Сонгуулийн тогтолцооны тухайд ч намуудын хамгийн их ярьж байгаа сэдэв. Сонгууль дөхөөд ирэхээр эрх баригчид өөрсдөд нь аль тогтолцоогоор явбал илүү ашигтайг багцаалдаж байгаад хуулиа өөрчилдөг болсоор удсан. Удтал ярьж хэлэлцэж, шууд пропорциональ биш юмаа гэхэд холимог сонгуулийн систем рүү орсон сонгуулийн өөрчлөлтийг 2016 онд бүр жижиг мажоритар руу унагасан эмгэнэлт түүх бий.
Бүр сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд гар хүрдэггүй энэ тэр ч алга болж билээ, тэр жил. Нам хүчин, эрх мэдэлтэн бүр өөрсдөдөө ашигтайгаар авирладаг энэ байдлыг үгүй хийх л хэрэгтэй. Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Сонгуулиас нэг жилээс өмнө хуульд өөрчлөлт оруулах тухай зааж өгснөөр тэр жилийн эмгэнэл давтагдахгүй болсон. Харин одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг оруулах бол ирэх жилийн тавдугаар сараас өмнө гэсэн хуанли гарч ирэх болов уу. Учир нь Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт 2024 оны сонгуулиас жилийн өмнө байх учраас ирэх хавар гэсэн товд амжих хэрэгтэй болно.

ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ӨРГӨН ОЛОНД

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дээр хэлсэнчлэн хүссэн үедээ хийгээд байх боломжгүй. Улс төрийн тун боломжит нөхцөл байдлыг шаарддаг. Харин энэ удаад улс төрийн намууд бодит шаардлага гэдэг дээр нэгдэж, нэг нам үнэмлэхүй олон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэг намынх агаад илэрхий дайсагналцаагүй энэ үед өөрчлөх цаг нь байж магад. Гэхдээ улс төрчдийг өөрийн дураар авирлуулахгүй, улс төр эрх зүйн тулгуур баримт бичиг болох гол хуулиа илүү сайнаар өөрчлөхөд иргэдийн хяналт, мэдээлэлтэй байх явдал тун чухал билээ. Угаасаа 1999, 2000 онд сэм сольж, нам мангартуулсан шиг өөрчлөлт хийх ч боломжгүй болсон, хийлгэх ч үгүйгээр ард олон сэрсэн. Тиймээс чухам ямар өөрчлөлт яригдаж байна, өөрчлөх шалтгаан нь юу юм, ямар үр дагавар авчрах вэ гэдгийг илүүтэй тунгаамаар.

Э.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *