Засгийн газрын нийт өр 21 их наяд 837.3 тэрбум төгрөг байна
Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудитын дүгнэлт хийжээ. Монгол Улсын Засгийн газар 2021 онд төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ зургаан зорилт дэвшүүлэн ажиллажээ.
Аудитаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 12 их наяд 711.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 15 их наяд 630.4 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 14 их наяд 306.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 398.2 тэрбум төгрөгөөр давсан. Урсгал зарлагыг 656.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 322.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 405.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 3 их наяд 971.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцүү байна.
Засгийн газрын нийт өр 2021 оны эцэст 26 их наяд 918.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 21 их наяд 837.3 тэрбум төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэж, Засгийн газрын өр өмнөх оноос 3.5 хувь буюу 980.4 тэрбум төгрөгөөр буурсан тоо аж.