Д.Амарбаясгалан: МХЕГ-ын чиг үүргийг ирэх оноос өөрчилнө
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ,”Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй үндэсний хэмжээний хороодыг шинээр эмхлэн байгуулах чиг үүргийг ЗГХЭГ-ын даргад өгсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэлтэй холбоотой асуудлыг эрхлэх сайд томилогдсонтой холбогдуулан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Их спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороодыг шинээр эмхлэн байгуулах үүрэг чиглэл өгсөн.
Хоёрдугаарт, 2023 оны улсын төсвийг олон нийт, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг зохион байуулж, тэдгээрийн саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Иргэдийн дунд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх нөхцлийг олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Энэ ажил 10 дугаар 1-нийг хүртэлх хугацаанд иргэд, олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэх болно.
Гуравдугаарт, “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Баялгийн сан болгох ажлыг сүүлийн нэг жилийн турш хийсээр байна. Энэ компанийг удирдах гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй зарлах үүргийг Ерөнхий сайд өглөө.
Дөрөвдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн тооллогыг таван жилд нэг удаа хийдэг. Сүүлийн тооллогоор 180 мянган ААН тоолжээ. 53 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
2016-2021 оны хооронд улсын хэмжээнд 61 мянган ААН шинээр бүртгүүлжээ. Татан буугдсан 14 100 ААН байна. Татан буулгахад олон шат дамжлага шаардлагатай байдаг. Иймд энэ үе шатыг бууруулах, ААН-ийн дарамтыг бууруулах шийдвэр гарлаа.
Түүнчлэн төрийн бүтцийг хялбаршуулах бодлого барьж байна. Ерөнхий сайд ирэх оны нэгдүгээр сараас МХЕГ-ын чиг үүргийг өөрчлөх чиглэл өгсөн. Яамд руу зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ. Тухайлбал, эрүүл мэндийн хяналт шалгалтыг цаашид Эрүүл мэндийн яам хариуцна. Хүнсний эрүүл ахуй, үйлчилгээний газруудын үйл ажиллагаатай холбоотой эрүүл ахуйн хяналтыг мэргэжлийн яамдад байршуулна. Харин МХЕГ төрийн байгууллагуудад хяналтаа үргэлжлүүлнэ” гэв.