Э.Шижир: Бидний эхлүүлсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг шууд цуцалж, хэлэлцүүлгээс ХӨӨЖ ГАРГАЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэж эхлэх тухай хэлэлцүүлэг”-т Кью Эс Си компанийг оролцуулахгүй байгаа талаар тус компанийн захирал Э.Шижир мэдээлэл хийлээ. Тэрбээр:
Кью Эс Си компани Монгол Ган цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш тасралтгүй ажилласан. Технологийн маш олон төрлийн судалгааны ажлыг хийж, явж ирсэн. Энэ ажлуудыг хийж, явуулж ирээд 2021 оны есдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулж байлаа. Энэ ажлыг ямар нэг тодорхой, бодит үндэслэл шаардлагыг харуулахгүйгээр гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан үйл явдал болсон. Түүнээс хойш энэ асуудлыг гангын үйлдвэрлэлээ барихын тулд ямар асуудал байна вэ, асуудлыг тодорхой ярилцъя гэдэг байдлаар хандаж ирсэн.
Гэтэл концессын гэрээг цуцалснаас хойш манай компанитай энэ асуудлаар бодитой, тодорхой уулзалт, хийхгүй явж ирлээ. Саяхан долдугаар сарын 4-ны өдөр “Шинэ сэргэлт, Ган цогцолборын төсөл” хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулах гэж байна гэж. Уг нь бид концессын гэрээний хүрээнд явж байсан зүйлд ноднин ТЦҮ-гээ баталж өгөөд түүнээс хойш нарийн инженерийн зураг дизайны ажлыг шалгаруулах байдлаар ажил нэлээн эрчимтэй явж байсан.
Түүнээс хойш зогсонги байдалд орчихсон, ерөнхийдөө дахиад хэлэлцүүлгийн шатанд ажил орчихлоо гэхэд харамсалтай санагдаж байна. Энэ хэлэлцүүлэгт дуу хоолойгоо хүргэе, оролцъё гээд ирээд байна. Гэвч албан ёсоор оруулахгүй гэсэн. Сая дотор сууж байхад “Орж болохгүй” гэх зүйлийг хэлж байх шиг байна. Яг л бидний бэлтгэж, хянаж гаргаж байсан танилцуулгыг дотор хүмүүс ярилцаад сууж байх шиг байна. Оруулахгүй гэлээ. Гэхдээ урилгагүй оролцоод ямар ч байсан дотор яригдаж байгаа асуудлыг маш сайн анхааралтай сонсож оролцъё. Бид цаашид гангын үйлдвэрлэлийг барьж хэрэгжүүлэх тал дээр хэрэгжүүлнэ гэдэг зорилго өвөртөлсөн хэвээрээ байна. Эргээд бидэнтэй үүсээд байгаа асуудлын тухай ярилцах байлгүй дээ гэсэн бодолтой байгаа.
Б.БАЯРТ