Дорноговь аймгийн цагдаа хэрэг хүлээлгэх зорилгоор иргэнийг эрүүдэн шүүжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагч “Э” тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд иргэн “Г”-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.