Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс хүлээлгийн мөнгө авсан тул Uber 2.2 сая ам.долларын торгууль төлнө
Такси үйлчилгээний Uber компани АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хүлээлгийн төлбөр авчээ. Иймд тус компанид 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийн зүгээс торгуулийг төлнө гэдгээ мэдэгджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хүлээлгийн төлбөр дахин авахгүй гэсэн байна.
Тус компани хоёр минутаас дээш хугацаагаар хүлээлгэвэл зорчигчоос нэмэлт төлбөр авдаг. Үүнийг эсэргүүцэн 1000 орчим хүн гомдол гаргажээ.
Uber шүүх хурлын шийдвэр гарахаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүлээлгийн төлбөрийг буцаан олгодог болохоор шийдвэрлэжээ. Үүний тулд шаардлагатай өөрчлөлтийг ч хийсэн гэж тайлбарласан байна.
АНУ-ын Хууль зүйн яам тус компанийн эсрэг нэхэмжлэлийг өнгөрсөн арван нэгдүгээр сард гаргажээ.
Uber 2016 онд Америкийн зарим хотод хүлээлгийн төлбөр авч эхэлсэн ч одоо Америкийн бүх хотод энэ үйлчилгээ нэвтэрсэн. Хүлээлгийн төлбөр дунджаар 60 цент. Тус компани 1.7 сая ам.долларыг гомдол гаргасан, 1000 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгоно. Үлдсэн 500 мянган ам.долларыг Хууль зүйн яамнаас тогтоосон иргэдэд олгоно.
Өнгөрсөн онд харааны бэрхшээлтэй иргэн Сан Франциско хотод 14 удаа дуудлага өгсөн ч Uber дуудлагыг нь хүлээн аваагүй байна. Иймд компанид 1.1 сая ам.долларын торгууль ногдуулсан юм.
Их Британийн паралимпийн олимпын аварга Жэк Хантер-Спивэй “Uber-ийн жолооч нар тэргэнцэр хараад явчихдаг” хэмээн ярьжээ.