|

Талбайн хажууд цэцэг тарьсан уу, байцаа тарьсан уу

Зуны дэлгэр цаг айлчлахтай зэрэгцэн нийслэл хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн их ажил эхэлдэг. Харин иргэдийн дунд энэхүү ажилд шүүмжлэлтэй хандах нь цөөнгүй.

Жишээлбэл, жилд хотын хэмжээнд нийт 0.07 га газарт нэг наст ургамлыг урд хөршөөс оруулж ирж тарьдаг байна. Энэхүү нэг наст ургамлын үнэ нь дангаараа 200 гаруй сая төгрөг болдог. Дээр нь тээвэрлэлтийн зардал, хөрсөнд суулгах ажилчдын хөлс, цэцгийн сав гээд хэчнээн ч төгрөг нэмэгдэж хэний ч халаас руу ордог юм гэх иргэдийн шүүмжлэл жилээс жилд яригдсаар л байдаг.

Харин энэ жилийн тухайд төсөв мөнгөтэй холбоотой бус тарьсан цэцгийн үзэмж олны анхаарлыг татав. Зүүн дөрвөн замын уулзвар, талбайн зүүн урд тал зэрэг хотын төв хэсгүүдийн цэцгийн мандалд бидний өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний ногоо байцааг тарьсан гэх зураг цахим сүлжээнд түгээд буй. Зарим нэг нь шог яриа болгон “хүнсний ногооны үнэ нэмэгдэж хотын төвдөө байцаа тарьж иргэдэд дэм болж байна”, “ордны тогоочид ногоогоо талбайн урд тарьдаг”, “энэ удаад хотын удирдлагууд хэнд ч хэрэггүй цэцэг тарихын оронд байцаа тарьжээ” гэх сэтгэгдлүүд цахимаар хөвөрсөөр.

 

Тэгвэл энэхүү олны анхаарлыг татаад буй байцааг идэж болдоггүй аж. “Flower kale” буюу “байцаан цэцэг” гэдэг нэртэй, хүнсэнд гоёлын зориулалтаар хэрэглэгддэг, гашуун амттай учир идэж болддоггүй гэнэ. Энэхүү ургамал нь хөрсөнд чийгийг удаан барьдаг, манайх шиг хуурай сэрүүн цаг агаарын нөхцөлтэй оронд ургахад таатай, экосистемд чухал үүрэгтэй аж.

 

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *