|

СУРВАЛЖИЛГА: Эцэг эхчүүд, балчир хүүхдүүддээ вакцин тариулахаас эмээж байна

Өнөөдөр /2022.07.22/ Эрүүл мэндийн яамнаас Омикрон халдварын шинэ хувилбар, дархлаажуулалтын тухай мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “ЭМЯ удаан хугацаанд судалсны үр дүнд 5-11 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийх шийдвэр гарсан. Эдгээр насны хүүхдүүд Омикроны BA.4, BA.5 хувилбарын давлагааны үед хүндрэл, шинж тэмдэг, нас баралтын эрсдэл нэмэгдэж байгаа учраас арга хэмжээ авах нь зөв” хэмээсэн нь иргэдийг талцуулаад байна.

Вакцин шахахын тулд ийм шийдвэр гаргаж байна гэх иргэд байхад, эрсдлээс сэргийлж дархлаажуулалтад хамрагдах нь зөв гэх байр сууриа илэрхийлсээр байлаа. Иймд бид энэ удаагийнхаа сурвалжилгаар 5-11 насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг тодруулахыг зорилоо. 

-“ФАЙЗЕР ВАКЦИНЫГ ХОР БАГАТАЙ, ЧАНАРТАЙ ВАКЦИН ГЭЖ БОДДОГ, ТИЙМЭЭС ХҮҮХДҮҮДДЭЭ ТАРИУЛНА-

Иргэн М.Туул /гурван хүүхдийн ээж/: Хүүхдүүдэд тарих “Файзер” вакциныг хамгийн хор хөнөөл багатай, чанартай вакцин нь гэж бодож байгаа болохоор хүүхдүүддээ тариулна. Учир нь анх Монгол улсад вакцинжуулалт эхэлж байхад архаг хууч хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тарьж байсан. Тийм болохоор “Файзер” бусад вакцинаас дээр байх гэх ойлголтыг иргэдэд төрүүлсэн. Дээр нь “Файзер” тариулсан хүмүүс ковидоор хөнгөн өвдөж байна гэж олон хүнээс сонссон.

 

-ХУГАЦАА НЬ ДУУССАН ВАКЦИНАА ХҮҮХДҮҮДЭД ШАХАХ ВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭЖ БАЙНА-

Иргэн Б.Ариунжаргал /хоёр хүүхдийн ээж/: Орсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр вакцин тарьсан хойно “Хугацаа нь дууссан вакцин шахсан” гэх мэт асуудал гарна гэхээс эмээж байгаа. Тиймээс бага охиндоо /8 настай/ вакцин тариулахгүй. Би өөрөө вакцины дөрвөн тунтай. Вакцин тариулсны дараа эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эрсдэл үсээгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ алсдаа ямар хор уршигтайг сайн мэдэхгүй болохоор бага насны хүүхдэд вакцин тарихыг дэмжихгүй ээ.

 

Иргэн Т.Саруул /хоёр хүүхдийн ээж/: Коронавирусийн халдвар алга болж устахгүй харин ч мутацид орж, улам хор хөнөөлтэй, шинэ төрлийн вирус үүсгэж байгаа. Сүүлийн үед халдварын тохиолдол  өдөрт 300 гарч нэмэгдэж байна. Есөн сард хүүхдүүдийн сургууль цэцэрлэг эхлэхэд халдвар улам нэмэгдэх байх гэж айж байна. Түүнээс өмнө хүүхдүүддээ вакцин тариулсан нь зөв байх.

 

-ХҮҮХДЭД ВАКЦИН ТАРИХЫГ ЯАСАН Ч ДЭМЖИХГҮЙ-

Иргэн М.Оюунчимэг /дөрвөн хүүхдийн ээж/: Насанд хүрэгчид бол яах вэ хэдэн тун тариулсан ч дүүрч. Хаашдаа ихэнх нь вакцины гурван тунтай байгаа. Эхнээсээ вакцин тариулсны дараа элдэв өвчин туссан, хөл гараа тариулсан, ой тогтоолт муудсан, даралт ихэддэг болсон гээд янз янзын мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Үүний дараа хүүхдэд вакцин тарихыг яасан ч дэмжихгүй. Хүнд өөрийн гэсэн дархлаа гэж бий. Зуны дэлгэр цагт эцэг эхчүүд хүүхдүүдээ агаарт сайхан амрааж дархлааг нь дэмжих хэрэгтэй. Түүнээс вакцинд найдаж болохгүй.

 

Иргэн О.Наранхүү /нэг хүүхдийн аав/: Энэ есөн сард нэгдүгээр ангид орох зургаан настай хүүтэй. Өнөөдөр 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих болсон талаар ЭМЯ мэдээлэл хийсэн байсан. Миний хувьд хүүдээ вакцин тариулах бодолгүй байна. Одоохондоо биш юм аа гэхэд хожим ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй шүү дээ. Вакциныг хүнд тарихын өмнө удаан хугацаанд сайтар судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд тайлбарлаж аюулгүй гэсэн баталгааг өгөх хэрэгтэй. Гэтэл ковидын үеэр жил ч хүрэхгүй хугацаанд туршиж гаргасан вакциныг хүүхдэд тарихад эрсдэлтэй гэж бодож байна.

 

Есийн тоог дээрээс нь харвал “зургаа” доороос нь харвал “ес” болж харагддаг шиг бидний үзэл бодол, харах өнцөг өөр хоорондоо ялгаатай байдаг. Үүний нэгэн жишээ өнөөдрийн 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих шийдвэр байлаа. “Файзер” вакциныг олон улсын судалгаагаар хүүхдүүдэд тарихыг баталсан гэх болов ч аминаасаа амь таслан, биеэ хуваан төрүүлсэн хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудалд эцэг эхчүүд хянуур хандан, татгалзах, дэмжих нь тэдний эрхийн асуудал билээ. Тиймээс “тэрний хүүхэд тариулсан, тариулаагүй” гэж нэгнээ шүүмжлэн хэмлэх бус хэн хэнийхээ сонголтод хүндэтгэлтэй хандацгаая.

Ж.ХАЛИУН

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *