57 настай эмэгтэйг хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь энэ оны долдугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгдсэн.
Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтооход хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг 6 хоногийн турш тасралтгүй явуулж өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.