Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерт 9 жилийн ял оноолоо

Оросын Химки хотын шүүх хар тамхины хэрэгт холбогдсон Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерт есөн жилийн хорих ял оноолоо. Тэрээр Олимпын хошой аварга, Екатеринбургийн Уралын уулын металлургийн компани болон АНУ-ын шигшээ багийн сагсан бөмбөгчин бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Шереметьево нисэх буудалд цүнхнээс нь вэйпэнд хэрэглэдэг каннабисын тосон цэнэглэгч олдсоны улмаас саатуулагджээ.

Шүүх Грайнерийг ОХУ-ын Эрүүгийн хууль зөрчиж, мансууруулах бодис хадгалах, хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсон хэрэгт буруутай гэж үзжээ. Мөн түүнд нэг сая рублийн торгууль ногдуулсан байна. Прокурор Грайнерийг нэг сая рублийн торгуультайгаар хорих ангид 9.5 жил хорих санал гаргасан бол өмгөөлөгч түүнийг цагаатгах эсвэл ялын доод хэмжээ оногдуулахыг хүсжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр шүүх сагсан бөмбөгчний гэм бурууг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, спортын амжилтыг нь харгалзан үзэж хэргийг хөнгөвчлөх нөхцөлтэйгөөр авч үзсэн байна. Шүүх хурлын үеэр Грайнер гэм буруугаа хүлээсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх санаагүй байснаа онцолсжээ. Тамирчин бүсгүй марихуаныг мансуурах зорилгоор биш эмчилгээний зориулалтаар ашигласан, мөн ачаагаа бэлдэхдээ яарч байсан тул тосон цэнэглэгчийг санамсаргүйгээр цүнхэндээ хийчихсэн байсан гэжээ.

“Би алдаа гаргасан, гэхдээ таны шийдвэр миний амьдралыг энд дуусгахгүй байх гэж найдаж байна” гэж тэрээр шүүхэд хэлсэн байна. Грайнер “Би багийнхан, эцэг эх, шүтэн бишрэгчид, ах, эгч нараасаа болон эхнэрээсээ уучлалт гуйж байна” гэжээ.

Эх сурвалж: ВВC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *