ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний дэгдэлтэд сармагчнууд БУРУУГҮЙ

Хүмүүс сармагчны цэцэг өвчинд сармагчнуудыг буруутгаж, энэ амьтан руу халдсан хэрэг Бразилд хэд хэдэн удаа гарсантай холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр анхааруулга гаргажээ.

“Бидэнд тохиолдож байгаа халдвар хүнээс хүний хооронд дамжиж буйг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр уг өвчинд сармагчнуудыг буруутгах ёсгүйг анхааруулжээ.

Сүүлийн үед Бразил улсад хүмүүс сармагчныг зодсон, хордуулсан хэд хэдэн хэрэг гарсан юм байна.Тухайлбал Сан Пауло мужийн Рио Прето дахь дархан цаазат газарт долоо хоног хүрэхгүй хугацааны дотор нийт 10 сармагчныг хордуулсан, зодож гэмтээсэн хэргүүд бүртгэгджээ.Тус бүс нутгийн хүн амын дунд сармагчны цэцэг өвчний халдварын гурван тохиолдол саяхан бүртгэгдсэн юм. Энэ нь сармагчнуудын биед халдах шалтгаан болсон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 28,100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас бараад байгаа.

Бразил улсад халдварын 1,700 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Хэдийгээр өвчний нэрэнд сармагчин гэх үг орсон ч вирусийн тархалт энэ амьтантай ямар ч холбоогүйг Харрис тайлбарласан байна.

Хамгийн анх энэ өвчний вирусийг Данийн эрдэмтэд сармагчнаас илрүүлсэн учир ийм нэртэй болжээ. Гэхдээ бодит байдал дээр энэ вирус олон төрлийн амьтнаас илэрдэг. Ялангуяа мэрэгч амьтдаас хамгийн олноор илэрдэг гэнэ.

Зэрлэг амьтнаас хүнд вирус халдварлах боломжтой ч тавдугаар сард эхэлсэн энэ удаагийн дэгдэлтийн гол зам нь хүн хооронд халдварлах юм.

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *