СУРВАЛЖИЛГА: Иргэд тоон гарын үсгийн ач холбогдлын талаар ойлголтгүй байна

Монгол Улсын Засгийн Газар дижитал эринд хөл нийлүүлэх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллаж байгаа. Тус Яамны хэрэгжүүлж байгаа ажлын нэг бол иргэний тоон гарын үсгийн шилжилт юм. Энэхүү шилжилтийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан хуулийн дагуу энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих байсан. Харамсалтай нь иргэдийн оролцоо муу байгаагаас хэрэгжилт удааширчээ. Сүүлд гарсан мэдээллээр 252 мянга буюу 16-гаас дээш насны нийт хүн амын 12 орчим хувь тоон гарын үсэгтэй болсон байна.

 

Тоон гарын үсгийн талаар иргэд ямар бодолтой байгааг сурвалжилхаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд очлоо. Тус хорооноос үйлчилгээ авахаар дугаарлаж байгаа иргэдээс тоон гарын үсэгтэй болсон эсэхийг сонирхоход одоогоор аваагүй гэж хариулж байв. Энэ талыг ойлголт дутмаг байгаа нь сурталчилгаа сайн яваагүйтэй холбоотой гэх иргэн ч байлаа. Харин иргэн О.Энхтүвшин арай өөр бодолтой байв. Тэрээр “Тоон гарын үсэг ашиглах шаардлага гараагүй учраас тоон гарын үсэг аваагүй” гэсэн юм.

 

Мөн иргэн Н.Билгүүн “Тоон гарын үсгээ аваагүй байгаа. E-Mongolia руу нэвтрэхэд хэрэгтэй гэж дуулсан. Тоон гарын үсгийн ач холбогдлын талаар ойлголтгүй байна” гэсэн бол иргэн Ч.Баатарчулуун “Өнөөдөр бол аваагүй байна. Цаашид авна. Тоон гарын үсгийн талаар зурагтаар ярьж байгаа хэмжээнд ойлголттой байгаа. Авсан нь хэрэгтэй юм байна гэж бодож байна. Иргэний үнэмлэх байгаа болохоор болж байна” гэлээ.

 

Тоон гарын үсгийн ач холбогдлын талаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Улсын бүртгэлийн байцаагч С.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр, “Банк, үүрэн холбоо, төрийн, хувийн ямар ч байгууллагад хурууны хээ уншуулдаг. Ингэснээр хувь хүний нууц алдагдах магадлал өндөр байгаа. Тоон гарын үсэгтэй болсноор тухайн байгууллагаас ямар үйлчилгээ авах гэж байна, тэр дагуу л тухайн иргэний мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүй болно. Зарим хүмүүс иргэний үнэмлэхээ хаяж гээхээс сэргийлээд гэртээ үлдээчихдэг. Тэгээд төрийн үйлчилгээ авах болохоор үнэмлэхгүй гээд үйлчилдэггүй. Харин тоон гарын үсэгтэй бол хурууны хээгээ уншуулаад үйлчилгээгээ авч болно. Уг нь тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байсан ч иргэд маань хойрго хандаж байгаа учраас хэрэглээнд нэвтрэх нь хойшилсоор байна. Хүн амын ихэнх нь, 70-аас дээш хувьтай хамрагдаж байж тоон гарын үсгээ ашиглаж эхэлнэ” гэсэн юм.

Тоон гарын үсгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын үүрэг хавсрагч Л.Энх-Амгалан “Тоон гарын үсэг бол цахим шилжилтийн гол хэрэгсэл байна. Цахим буюу тоон гарын үсэг авсан иргэд төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг хаана байрлаж байгаагаас үл шалтгаалан хүнд сурталгүй авах боломжтой. Цаашид нотариат хэрэггүй болно” гэж өнгөрсөн лхагва гараг /2022.08.10/-ийн Засгийн Газрын хуралдааны дараах хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

Тоон гарын үсэг авахын тулд харъяа аймаг нийслэл, сум дүүрэг харгалзахгүй өөрт ойр байрлах хороонд иргэний үнэмлэхтэй очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ өөрийн ашигладаг утасны дугаарыг хэлнэ. Тэрхүү утасны дугаарт иргэний үнэмлэхэд олгосон цахим гарын үсгийн PIN болон PUK кодыг явуулдаг. Иргэн бүр цахим шилжилтэд идвэхтэй хамрагдацгаая!

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *