Монголын эмэгтэй улс төрчдийн имиж & ДЭЛХИЙН ТУСГАЛ
Имиж гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн цогц утгыг илэрхийлдэг гэхээр дан ганц урлаг соёл, загварын ертөнцийнхөнд л хамаарах ойлголт биш юм. Эгэл жирийн иргэн, инстаграмын од, олны танил эрхмүүд гээд хэн бүхэнд өөрийн гэсэн имиж байдаг. Ялангуяа нийт массд хүлээн зөвшөөрөгдөж, тодорхой тооны дэмжигчдээр хүрээлүүлж байж оршин тогтнодог улс төрийн тавцанд имиж салшгүй чухал үүрэгтэй. Тиймээс ч олон түмэнд таалагдахын тулд өөрийн онцлог давуу талаа таниулахаар “улс төрийн имиж” бүрдүүлэлт хийх нь нэгэнт дэлхийн жишиг болсон арга ухаан. Тэгвэл манай Монголын улс төрчид, тэр дундаа эмэгтэй лидерүүд маань дэлхийн улс төрийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн хэн гэдэг эмэгтэй манлайлагчтай царай төрхийн хувьд, стиль имижийн хувьд, улс төрийн үзэл баримтлалын хувьд ижил төстэй вэ?
Цэдэвдамбын Оюунгэрэл & Ан Сан Су Чи
Ан Сан Сү Чи бол дэлхийн хэмжээний улс төрч. Хүний эрх, ардчиллын ази тив дэх БИЛГЭ ТЭМДЭГ болсон тууштай тэмцэгч төдийгүй Нобелийн энхтайвны шагналтан. Хуучнаар Бирм өнөөгийн Мьянмар улсын удам дамжсан улс төрийн зүтгэлтэн.
Харин “Ногоон нүдэн лам” бестсэллэр номоороо Монголчуудад танигдаж, “Батаарын яамны сайд” гуншинг хүртэтлээ өндрийг авч явсан улс төрч, хүний эрхийн төлөө зүтгэлтэн бол Цэдэвдамбын Оюунгэрэл.
Үзэл баримтлал:
Ан Сан Сү Чи болон Ц.Оюунгэрэл нар аль аль нь либерал үзэл баримтлалтай. Ан Сан Сү Чи Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний лиг намыг үүсгэн байгуулагч төдийгүй одоо ч намын даргын албан тушаалтай.
Харин Ц.Оюунгэрэл Ардчилсан намын олонд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй лидерүүдийн нэг яалт ч үгүй мөн. Ерээд оны дунд үеэс УИХ-ын дэд даргын туслахаар ажиллаж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Ардчилсан намын үйл хэрэгт зүтгэж буй.
Мэргэжил, боловсрол:
Ан Сан Сү Чи- Оксфордын их сургуулийн дэргэдэх коллеж, Лондоны Их сургуулийн төгсөгч. Гүн ухаан, улс төр, эдийн засгийн мэргэжилтэй. Эрдмийн цол зэрэг нь доктор.
Ц.Оюунгэрэл- Свердловскийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургууль, Стэнфордын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бодлого судлалын магистр.
Эндээс тэднийг жишиж болох адил төстэй нэг тал илэрхий болж байна. Ази эмэгтэй улс төрчид хэдий ч хэн, хэн нь барууны орнуудад дээд боловсрол эзэмшжээ. Нэг ч биш бүр гурван сургууль дүүргэсэн гурван мэргэжилтэй боловсролтой бүсгүйчүүд.
Замнал:
Замнал гэдэг үг Ан Сан Сү Чигийн туулсан амьдрал, тэмцлийн он жилүүд, хүрч зорьсон, уруудан доройтсон бүхний дэргэд үнэхээр жижигдэнэ. Магадгүй замнал гэдэг үг Ан Сан Сү Чигийн хувьд “дардан зам” гэдэг утга шиг ч сонсогдож болох.
Тэрбээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийнхээ 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн, дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг. 1990 онд бүх нийтийн сонгуулиар түүний толгойлдог АТҮЛ нам 59 хувийн санал авч сонгуульд ялалт байгуулсан ч эрх баригч зэвсэгт хүчинд сонгуулийн үр дүнгээ дээрэмдүүлсэн гэхчилэн дурьдвал энэ богино бичвэр хангалтгүй. Гэсэн ч өнө удаан жилийн уйгагүй тэмцлийн эцэст түүний тэргүүлдэг нам засгийн эрхийг авч 2016-2021 онуудад Мьянмарын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөх /Ерөнхий сайдын албан тушаалтай адил/ албан тушаалыг хашсан юм. Хэдийгээр намын лидер нь гол эрх мэдэлд очдог жишиг олон улсад бий ч тус улсын Үндсэн хуулийн дагуу гадаад нөхөртэй учир “Ази дахины ардчиллын бэлгэ тэмдэг” хатагтай Төрийн зөвлөх хэмээх даруухан нэртэй албан тушаалыг хоригдох хүртлээ хашиж байлаа.
“Ногоон нүдэн лам”-ын хувьд улс төрийн замнал нь 1996 оноос УИХ-ын дэд даргын туслах, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөх гэхчилэн улс төрийн арын албыг хариуцан явсаар 2012 онд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдож, улмаар 2 жил хэртэй Батаарын яамны сайдаар ажиллаж байлаа.
ТЭДНИЙ УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ ЭНЭ БАЙГААГААС ӨНДӨРТ БАЙЖ БОЛОХ БАЙСАН. ХЭН, ХЭНД НЬ АЛБАН ТУШААЛ АХИХАД ИЛЭРХИЙ СААД БОЛСОН ЗҮЙЛ БОЛ БАРУУНЫХАНД ТӨДИЙЛӨН ӨӨРИЙМСӨГ ХАНДАЖ ЧАДДАГГҮЙ ДОРНЫН ХҮМҮҮСИЙН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭ БАЙЛАА. УЧИР НЬ ТЭД ЦАГААН АРЬСТ НӨХРҮҮДТЭЙ.
2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн АН доторх сунгаанд Ц.Оюунгэрэлийн нэр хүчтэй яригдаж байсан ч өнөөх л америк нөхөртэй гэдэг скандал сошиал орчинд сэвэгдсээр анхны эмэгтэй ерөнхийлөгчийн мөрөөдлийг бүдгэрүүлсэн.
Имиж: Царай зүсний хувьд тийм ч төстэй биш боловч хүний эрхийн төлөө тэмцэгч, ардчиллын суурь зарчмыг хамгаалагч зэрэг улс төрчийн үндсэн имиж нь яалт ч үгүй жишигдэхэд хүргэнэ.