|

ДЭМБ: “COVID-19” халдвараар нас барсан тохиолдлын тоо 15 хувиар буурлаа

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 15 хувиар, халдварын шинэ тохиолдлын тоо есөн хувиар тус тус буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт халдварын 5.3 сая шинэ тохиолдол илэрч, 14 мянга гаруй хүн халдвараар нас барсан байна. Мөн халдварын шинэ тохиолдлын тоо Номхон далайн баруун бүсээс бусад бүх бүс нутагт буурчээ.

Харин халдвараар нас барсан тохиолдол Африкт 183 хувиар өссөн бол Европт гуравны нэг орчмоор, Америкт 15 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч дэлхийн олон улс оронд коронавирусний тандалт судалгааны ажил хумигдаад байгаа тул шинээр илэрч буй тохиолдлын тоо бодит тоон үзүүлэлтээс хавьгүй бага байх магадлалтайг ДЭМБ анхааруулж байна.

Тус байгууллагын мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхий даяар “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбар давамгайлан тархаж байгаа бөгөөд нарийвчлан шинжилсэн тохиолдлуудын 70 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар нарийвчлан шинжилсэн бүх тохиолдлын 99 хувиар “омикрон”-ы хувилбарууд эзэлж байжээ.

Энэ долоо хоногийн эхээр “Pfizer” компани “BA.4”, “BA.5” дэд хувилбаруудаас илүү сайн хамгаалах “COVID-19”-ийн вакциныхаа шинэчилсэн хувилбарт зөвшөөрөл олгохыг АНУ-ын эрүүл мэндийн холбогдох байгууллагаас хүссэн юм. Харин Их Британийн эрх баригчид “Moderna” компанийн “COVID-19”-ийн шинэчилсэн вакцинд өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх сараас 50-иас дээш насны иргэдэд вакцинд хамрагдахыг санал болгож эхлэхээр болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *