БЗД 26-р хорооны хөл хориог цуцлав
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хөл хорио өнөөдөр цуцлагдлаа. Тус хороонд 3 дугаар сарын 17-ноос эхлэн хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн байдлаар тандалт, шинжилгээний ажил үргэлжилсээр байна.
Хязгаарлалтын дэглэм тогтсон цагаас хойш нийт 11500 өрх айлд санамж бичиг хүргүүлж, өглөөний 07:30 минутаас 12:00 цаг хүртэл чанга яригчаар мэдээлэл өгсөн байна.
3 дугаар сарын 17-оос 19-ны хооронд явуулын шинжилгээний 36 баг ажиллаж (нэг баг 4 хүнтэй) 11058 өрхийн 17550 гаруй иргэнээс шинжилгээ авчээ. 542 өрх хаалга, үүдээ тайлаагүйгээс болж шинжилгээнд хамрагдаж чадаагүй байна. Мөн зарим иргэд өмнөх өдөр шинжилгээ өгсөн гэх шалтгаанаар шинжилгээнд хамрагдаагүй ажээ.
Эхний ээлжний 16100 гаруй иргэний шинжилгээнээс 28 тохиолдол батлагдсан ч үүнээс нэмэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын тандалт судалгааг үргэлжүүлж байна.
Эерэг 28 тохиолдлыг ХӨСҮТ-өөс баг ирж тусгаарласан бөгөөд 26 дугаар хороонд хөл хорионы үед нийт 500 гаруй иргэд орж гарсан тухай албаныхан мэдээлж байна. Энэ нь Эрүүл мэндийн шалтгаан, ажил явдал, бизнесийн байгууллага руу орж гарах, хүнсний татан авалт хийгдсэнийх ажээ.
Тохижилт, үйлчилгээний хэлтэс 3 дугаар сарын 18,19-ны өдөр 26 дугаар хороонд үүссэн үүсмэл хог, замын хогуудыг бүгдийг нь ачиж, цэвэрлэж ариутгал, халдваргүйтгэлд бэлдсэн. Ариутгал халдваргүйтгэлийг “Орхон овоо” ХХК-тай хамтарч нийт 127 байрны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга гэх нийт 91770м2 талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийж байгаа талаар Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.