Докдо арлын тухай та хэр мэдэх вэ
Солонгос улсын Жэжү арлын талаар сонсож байсан эсвэл аялж үзсэн Монголчууд нэлээдгүй их байдаг. Харин энэхүү аралтай дүйцэхүйц алдартай арал болох Докдо арлын талаар та хэр их мэдэх вэ? Докдо арал дээрээс та бүхэнд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Докдо бол Солонгос улсын хамгийн зүүн талд байрлах өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг арал бөгөөд одоогоос 4.6 сая-2.5 сая жилийн өмнө 2000 метрийн гүн дэх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсэж бий болсон Солонгос улсын хамгийн анхны арал юм. Анх нэг том арал байсан боловч салхи шуурга, далайн хүчтэй давлагааны улмаас уг арал нь баруун болон зүүн гэсэн хоёр жижиг арал болон хуваагдсан байна.
Докдо арал дээр 50 орчим иргэд ажиллаж амьдардаг ба уг арал нь цаг агаарын хувьд салхи ихтэй, байнга манан татдаг боловч зундаа хэт халуун биш, өвөлдөө хэт хүйтэн биш учир энэхүү арлыг үзэх гэж жилд зуу гаруй мянган дотоод, гадаадын жуулчид аялах зөвшөөрөл аван очдог байна. Докдо арлыг Солонгосчууд эрдэнэсийн арал гэж ярьдаг бөгөөд юу энэ арлыг ийнхүү алдартай болгодог талаар хамтдаа харцгаая. Докдо арал нь газар нутгийн хэмжээний хувьд жижиг арал боловч газрын гүндээ асар их байгалийн баялагтай байна. Докдо арлыг тойрон орших далайн гүнд метангидрат гэх нэгдмэл элемэнт байдаг ба энэ нь далайн гүнд хөлдсөн метан буюу хөлдсөн хатуу түлш юм. Нэг ёсондоо бол далай доторх бичил биетүүдийн ялзарсан давхаргад метан хий болон байгалийн хийнүүд өндөр даралтын доор устай хамт хөлдөн энэхүү хатуу түлшийг үүсгэдэг гэж ойлгож болох юм.
Одоогийн байдлаар уг арлын ойролцоо 600 сая тонн метангидрат байгаа гэх тооцоо байдаг ба энэхүү элемент нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай ирээдүйн энергийн эх үүсвэр гэдгээрээ Докдо арал нь байгалийн асар их баялагтай гэж үзэж болох юм. Докдо арал нь салхи ихтэй, хөрс нь нимгэн хад хавцлаас бүрдсэн учир ургамал ургахад үржил шимгүй орчинтой. Тийм боловч Докдо арал дээр 50-60 төрлийн ургамал ургадаг гэдгээрээ энэхүү арал нь онцлог хөрстэй гэж үзэж болох юм.
Түүнчлэн Докдо арал нь далайн төв хэсэгт байрладаг тул нүүдлийн шувуудын амрах газар болдог байна. Энгийн шувуудаас гадна мөхлийн эрмэгт байгаа ховор шувуудыг Докдо арал дээрээс харж болох бөгөөд хараацай, хар шувуу зэрэг 180 төрлийн шувууд Докдо арал дээр цуглардаг байна. Нэмж дурдахад Докдо арлын ойролцоох далайд загасны шим тэжээлийн эх үүсвэр болох планктон их байх бөгөөд далайн бүлээн урсгал болон хүйтэн усны урсгал нийлдэг газар тул олон төрөл зүйлийн загас, нялцгай биет, далайн ургамал элбэг байдаг байна. Энэ мэт газар нутгийн хэмжээний хувьд жижиг боловч өөртөө байхааргүй их хэмжээний байгалийн баялагтай аж.
Эх сурвалж: Бадамдорж Лхадарь