Ц.Мөнхцэцэг: Спортын салбарын тогтолцоог шинэчлэх хэрэгтэй
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Энэхүү ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг өчигдөр (2021.05.12) УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэнгийн хамт Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн спорт цогцолборын барилгын явцтай танилцжээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийг 2003 онд баталж, 2017 онд таван бүлэг, 29 зүйл бүхий шинэ хуулийг баталсан бөгөөд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн 2019 онд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн 11 актыг батлуулсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Биеийн тамир, спортын салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсвийн үр ашигтай хуваарилалт, хөрөнгө оруулалт дутагдсаар ирснийг салбарынхан хэлж байна. Батлагдсан төсвийн дийлэнх хувийг тамирчдыг бэлтгэх, тэмцээн уралдаанд зарцуулдаг бөгөөд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээнд хүрэлцдэггүйг тус хорооныхон саналаа хэллээ.
Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт оновчгүй, нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байгааг тэмдэглээд спортын салбарыг тогтолцоог шинэчилж, цогц бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
Мөн нийтийн бие тамирыг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ирэх сард багтаан холбогдох дүгнэлт, шийдвэрийн төслөө Байнгын хороонд танилцуулна.