Ус уух уу эсвэл…
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн “Охид, эмэгтэйчүүдийн ус уух хэрэгцээ ба Жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт” сэдвээр бичсэн бичвэрийг хүргэж байна.
Тэрбээр, “Хүний эрүүл байхын нэг чухал үндэс бол хангалттай сайн ус уух явдал. Хүн өдөр бүр амьсгал, хөлс болон шээсээр их хэмжээний ус чийгийг гадагшуулж байдаг. Энэхүү алдсан усаа хоол хүнс, ундаагаар нөхөж нөөцөлдөг. Сэрүүн бүсийн цаг ууртай Монгол улсын хувьд халуун оронтой харьцуулахад хөлсөөр шингэн алдах нь харьцангуй бага ч хуурай цаг агаар болон далайн түвшнээс өндөр байршил нь ихээхэн шингэн шаарддаг байна.
Насанд хүрсэн хүн хүйс, жингээс хамаарч 2-4 литр цэвэр ус уух нь зохистой гэдгийг эмч нар зөвлөдөг. Ялангуяа хүүхэд, өсвөр насныхан, тамирчид хангалттай сайн ус ууж байх ёстой.
Хүнд бэлтгэлийн үед, хөлс их гарсан бэлтгэлийн дараа, эсвэл дугуйчид, хөнгөн атлетик зэрэг гадаа бэлтгэл хийж, уралдаанд оролцдог тамирчид алдсан шингэнээ цаг алдалгүй тогтмол нөхөж байхгүй бол булчин сэргэлт авч чадахгүй болдог. Тухайлбал, дугуйчид тэмцээн уралдааны үеэр цаг тутамд литр ус ууж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Хүүхэд багачууд, дунд сургуулийн сурагчид бас шингэний дутагдалд орж болохгүй, ус сайн ууж байх ёстой. Учир нь ус бага ууснаар хоол боловсруулах үйл ажиллагаа муудах, өтгөн хатах, тархины үйл ажиллагаа удааширч анхаарал төвлөрөхгүй болох, унтаарах, ядрах зэрэг шинж тэмдгүүд хүүхдэд илэрдэг байна.
Ийнхүү хүний биед асар чухал хэрэгтэй “Ус” уухын чухлыг бичээд байвал дуусахгүй. Гэтэл Монголд хүүхэд, эмэгтэйчүүд усаа хангалттай сайн уух нөхцөл бүрдсэн үү гэвэл бүрдээгүй. Яагаад гэвэл олон нийтийн газар, ЕБС-ийн сургуулиудад жорлонгийн хүрэлцээ хангалтгүй. Ялангуяа дунд сургуулиудад жорлон байсан ч хүүхэд бүр хүссэн цагтаа ороод бие засах, тэр дундаа охид орж бие засах цаг, боломж өгдөггүй. Тиймээс охид хүүхдүүд хичээлийн үеэр ус сайн ууж чаддаггүй.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн судалгаанд оролцсон хүүхдүүдийн ярианаас үзэхэд ЕБС-иудад “жорлонг зөвхөн завсарлагааны хэдхэн минутад л онгойлгодог, бусад цагт орохыг зөвшөөрдөггүй, үйлчлэгч нар нь загнаад байдаг”, багшаас айгаад тэр бүр жорлон орж чаддаггүй”, “биений юм ирсэн үед жорлон ороод ариун цэврийн хэрэгсэл (АЦХ)-ээ солих боломж олддоггүй тул нэг юм уу хоёр өдөр хичээлээ тасалчихдаг”, АЦХ-ээ сольж чаддаггүй тул биений юм ирсэн өдрүүдэд биеийн тамирын хичээлд орж чаддаггүй”, “шээс хүрэхээр жорлон олддоггүй тул анги дээр шингэн юм уудаггүй” гэх мэтээр асар олон асуудал байгаа нь харагдсан. Хамгийн сэтгэл зовоосон асуудал нь хөдөө орон нутгийн гадаа ил жорлонтой дотуур байранд амьдардаг охидын бэрхшээл.
Нөхцөл байдал ийм байгаа учраас УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан Монгол улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох ажлыг эхлүүлж, БШУЯ хэрэгжүүлээд явж байна.
Олон улсын судалгаагаар охид, эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орох хугацаа бие махбодийн онцлогоос хамаарч, бас сарын тэмдгийн учир шалтгаанаар эрэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин урт байдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө ямагт урт дараалалтай байх нь олонтаа.
Ариун цэврийн өрөө бол эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрэгтэйчүүдийн адил эрхээ эдлэн сургууль, спортын тэмцээн уралдаан, урлагийн эвент, арга хэмжээнд оролцох, үзэх боломжийг эмэгтэйчүүдэд олгож байгаа хэрэг учраас дэлхийн олон оронд жендерийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хийхдээ үүнийг чухалд авч үздэг байна.
Тухайлбал, охид эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоог олшруулах, сургууль, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газруудад АЦХ үнэгүй байршуулах, олныг хамарсан тэмцээн, урлагийн тоглолтын үеэр хангалттай хэмжээний ариун цэврийн өрөө, явуулын жорлон гаргах, ингэхдээ эмэгтэйчүүдийнхийг илүү тоогоор байршуулдаг болсон.
Манай дунд сургуулиудын удирдлагууд, багш нар, сургуулийн ажилтнууд охидын эрхийг хүндэтгэж, ариун цэврийн өрөөгөө хүртээмжтэй болгох, болж өгвөл охидынхыг илүү олноор гаргаж өгөхийг уриалж байна.
Мөн миний санаачилсан охидод АЦХ-ийг үнэгүй олгох санаачилгыг дэмжин хамтран ажиллаж буй ТББ-ууд, сургуулийн сурагчид, сайн дурынханд талархал илэрхийлье.
Ариун цэврийн өрөө, охидын жорлон, АЦХ-ийн асуудал эрэгтэйчүүдийн нүдээр жижиг мэт харагдаж байгаа ч энэ бүх асуудал нь хүний эрхийн, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн том үр дагавартай зүйл гэдгийг дэлхий дахины хүний эрхийн зүтгэлтнүүд нэгэнт харуулж олон улс оронд “Period poverty”, “Menstruation and human rights” хөдөлгөөнүүд өрнөж татварын хөнгөлөлт үзүүлж, АЦХ болон хүүхдийн живхэнд НӨАТ тавихаас чөлөөлж, нэлээд улс оронд үнэгүй болгоод байна.
Хүн бүр усаа хангалттай сайн ууя, ялангуяа охид бүсгүйчүүд маань сургууль, ажил, дэлгүүр хоршоо гээд хаана ч явсан усаа хангалттай сайн ууж, айлтгүйгээр ариун цэврийн өрөөг хүссэн үедээ ашиглах боломжтой нөхцөл бүрдүүлэхийн төлөө иргэд, компаниуд, ААН, төрийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.