ОХУ: Цэргээс оргох, дайчилгаанаас зугтах, зугтахаар завдсан тохиолдолд 10 жилийн хорих ял онооно

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн дайчилгаа  явуулна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш тус улсын томоохон хотуудад дайныг, дайчилгааг эсэргүүцсэн иргэд хэдий хориотой ч жагсаал зохион байгуулсаар байна.

Оросын хүний эрхийн байгууллага болох OVD-Info-гийн мэдээлснээр өчигдөр (2022.09.24) 32 хотод 724 хүнийг жагсаалын үеэр баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт 1000 орчим хүнийг мөн баривчилсан юм. Баривчлагдсан зарим залууст армийн нөөцөд бүртгэсэн талаар мэдээлж, цэргийн ангид очихыг тушаасан байна.

Ерөнхийлөгч Путин 300 мянган эрчүүлийг нөөцөд авна гэсэн нь тус улсын Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том дайчилгаа болж байгаа аж.

 

 

Жагсаалд оролцогчид “Биднийг гал руу шидэж болохгүй”, “Путины төлөө дайнд явахыг хүсэхгүй байна” хэмээн хашхирч байжээ.

Кремль дайчилгаа явуулахаа зарласны дараа цэргээс оргох, дайчилгаанаас зугтах, зугтахаар завдах ялын шийтгэлийг чангатгаж, арван жилийн хорих ял оноох болжээ. Энэ зарлигт Ерөнхийлөгч Путин энэ сарын 24-нд гарын үсэг зурсан байна. Мөн тэрээр өөр нэг зарлиг баталсан нь ОХУ-ын армид нэг жилийн хугацаатай алба хаасан гадаад иргэдэд ОХУ-ын иргэний эрх олгох тухай юм. Энэ зарлигаас өмнө гадаад иргэд ОХУ-ын иргэн болохын тулд тус улсад хамгийн багадаа таван жил амьдарсан байх эсвэл армид гурван жил алба хаасан байх ёстой байв.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *