Б.Баярсайхан: Би дарга сайд болох гэж гүйдэг хүн биш
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “улны айл” хэмээх үгийн буруу сонголт хийж ярьсан алдаанаас болж өчигдөр /2022.09.27/ суудлаасаа огцорсон. Харин дараагийн сайдыг томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл дараагийн ХНХ-ын сайд хэн болох талаар хэд хэдэн таамаг гараад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон М.Оюунчимэг аль эсвэл ХНХ-ын хуучин сайд А.Ариунзаяа буцаж сайдын суудалдаа томилогдоно гэх мэдээллүүд гараад байгаа юм.
Харин эдгээр таамаг мэдээллүүд УИХ-ын гишүүн Б.Баярсайханд таалагдсангүй бололтой. Тэрбээр “Сайд болохыг хүсэж байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө үү.Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье” хэмээн цахим хуудсандаа бичжээ.