Б.Цолмонбаяр: Үзэсгэлэнгээ цөөн үгээр “Эртний Монгол орчин үед” гэж тодорхойлно

Эрт урьдын цагт эмэгтэй хүн нум барин арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарсан тухай үлгэр сонсож байв уу. Монгол зурагт нүдний шилтэй,  ноён маягаар сууж, гараа гуян дээрээ тавин бохь үлээх эмэгтэйг харж байсан уу. Эсвэл Монгол уламжлал, хэв маяг Төвөд-Манж, Зөвлөлт-Оросын нийгэм, соёлыг олон зууны турш туулаагүй бол өнөөдөр бид хэрхэн харагдах байсан бол. Ийм зүйлийг урд өмнө нь төсөөлж байсан уу. Тэгвэл энэхүү гайхалтай уран төсөөллийг мэдрэхийг хүсвэл “Домгийн цуурай” зураач, уран бүтээлч Батбаатарын Цолмонбаярын үзэсгэлэнг зориорой.

Б.Цолмонбаярын “Домгийн цуурай” бол түүний анхны бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн онцлог нь Эртний Монголын үлгэр домгийн дүрслэл, ахуй соёлыг орчин үеийн поп арт урсгалаар харуулжээ. Тэрбээр энэ талаараа “Хэрвээ Өрнийн поп арт Монгол хэв маягаар байвал ийм байх болов уу гэсэн санаагаар бодож зурсан. Хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн эдлэл хэрэгслийг оруулж өгсөн” гэлээ. Поп арт урсгал өнгөрсөн зууны 50-иад оноос Их Британи болон Америкт хүчээ авч түгэх болсон байна. Дайнаас залхсан залуу үеийнхэн энгийн бөгөөд өнгөлөг, гэгээлэг зүйлийг хүсэх болжээ.

Уран бүтээлчтэй ярилцахад түүх сонирхдог хэмээн онцолж байв. Түүх үнэндээ сонирхохгүй бол эдгээр бүтээл хэрхэн төрөн гарах билээ. Түүний “Цэцэг ба Мангас” бүтээлд хохимой толгойг ихээр дүрсэлжээ. Дүрслэл дундаас залуу эмэгтэйн үүрсэн шудрага хөгжмийн дугуй цар дээрх хохимой анхаарал татав. Яагаад заавал хөгжим дээр хохимойг дүрсэлсэн гэдгийг ойлгох гэж зургийг хэсэг ширтсэн. Гэтэл түүний ярьсан “Зарим бурхны толгой дээр таван хохимой байдаг. Эдгээр нь таван хорыг дарсан гэсэн утгатай. Хохимой нь хүний амьдрал бол мөнх бус учраас зөв, шударга явахыг сануулдаг” гэж ярьсан нь буусан юм. Хөгжмөөс гарах хөг аялгууны гүн утга санааг зурагт харуулахад хэцүү. Харин хөгжим дээр дүрслэхэд хангалттай ажээ.

Зураач Б.Цолмонбаярын үзэсгэлэнд эмэгтэй хүнийг дүрсэлжээ. Уран зурагт дүрслэгдсэн эмэгтэйг хэрхэн хүлээж авах вэ гэдэг үзэгчдийн гоо зүйн мэдрэмжийн асуудал. Зарим тохиолдолд эмэгтэй хүний бие галбирыг ил тод харуулсанд эгдүүцэн хүлээн авах нь бий. Тус үзэсгэлэнгийн дунд хэсэгт үүлэн хээн шивээстэй, өрөөсөн пүүзнээс өөр хувцасгүй эмэгтэй хундага барин сэнтийд залран сууна. Түүний сүлжсэн гэзэг биеэ даган доошилжээ. Энэ талаар зураачаас тодруулахад “Дүрслэх урлагт эмэгтэй хүний гоо сайхныг дүрсэлдэг. Тэр дундаа монгол хатад, эмэгтэйчүүд ямар байж болох вэ гэдгийг бодож зурсан. Нохойтой ч юм уу, дарс ууж байгаа ч юм уу, харцаа шидэж байгаа байдал зэргийг зохиомжилсон. Содон сонин харагдуулах гэж. Тэгэхгүй зүгээр нэг өөдөөс харсан байвал ямар байх вэ” гэсэн юм. Үнэхээр ч өнөөдөр бид гар утсан дээрээ хэн нэгний тусламжгүй зураг авах болж, өөдөөс цэх харсан зургийг паспортон дээрээс өөрөөр хаана хэрэглэдэг билээ. Бүр уйдчихсан. Ер нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг Өрнийн хэв маягаар төсөөлдөг. Харин Монгол зураачдын зурснаар ой тойнд буудаггүй. Тэгвэл Б.Цолмонбаярын “Эссэн дарсны амт” зураг ойр байж болох юм.

Монгол өв соёлыг хэрхэн орчин үеийн залууст хүргэж, цааш уламжлуулах вэ гэдэг хэн бүхний асуулт болсон. Тиймдээ ч соёлыг хариуцсан тусдаа яам байгуулаад буй. Орчин үеийн хүүхэд, залууст үүнийг хүргэхийн тулд тэднийг ойлгодог байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл зураач Б.Цолмонбаярын үзэсгэлэн тэдэнд хүрч чадах энтермайнмент арт юм. “Бид Чингисийн Монгол гэж хэдий ярьдаг ч гэсэн ямар ахуйд амьдарч байсныг мэддэггүй. Ламын шашин орж ирж төвд гутал, хувцас өмсдөг болохоос өмнө, амьдралд гүн нэвтрэхээс өмнө монголчууд бид ямар байсан бэ. Одоо хөдөө гарлаа гэхэд цэнхэр саванд айргаа бүлж, морин дээр тохсон эмээл хүртэл хавчиг эмээл болчихсон. Ийм учраас өөрийнхөө чаддаг зүйлээрээ монголчуудын өв соёл баялаг юм шүү гэдгийг уран бүтээлдээ харуулахыг зорьдог” гэлээ. Тэрээр үзэсгэлэнгээ цөөн үгээр тодорхойлбол “Эртний Монгол орчин үед” гэсэн юм.

Уран бүтээлч, зураач Б.Цолмонбаярын анхны бие даасан “Домгийн цуурай” үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 10–ныг дуустал Улсын Драмын Эрдмийн Театрын баруун урд байрлах Соёмбо Цамхагийн нэг давхарт гарна.

Дараах QR Кодыг уншуулаад үзэсгэлэнгийн дэлгэрэнгүйг үзээрэй

 

Цагийн хуваарь:

Даваа–Баасан: 07–02 цаг

Бямба: 09–02 цаг

Ням: Амарна

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *