Б.АМАРСАНАА: Монгол улсад хөрөнгө босгоод огт үйл ажиллагаа явуулалгүй алга болсон 19 койн байгаа
Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр /2022.10.07/ койн, токены талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд иргэд крипто валют, койны худалдаа наймаа хийх нь түгээмэл болсон. Тэгвэл эхний арилжаа хийгдсэн ч дараагийн шатанд их хэмжээний хохирол амссан иргэд ихэсжээ. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, нууц гүйлгээг илчлэх талаар холбогдох мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийлээ.
Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны үүсгэн байгуулагч Б.Амарсанаа: “Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд блокчэйн системийн датанд анализ хийж, зах зээлд хэдэн ширхэг койн хэдэн төгрөгөөр нийлүүлэгдсэн тухай, анх нийлүүлсэн хэмжээнээс нэмж нийлүүлсэн эсэхийг шалгаж байна.
Төслийн дагуу ажлаа хийсэн, босгосон мөнгөний зарцуулалт тайланг шалгаж нотлох баримт үүсгээд ЦЕГ, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороонд баримт нотолгоог өгч дараагийн арга хэмжээг авах болно. Бидний шалгаж мэдээлсэн баримт баталгаатай гэж үзвэл гүйлгээг ил болгоно. Үнэхээр иргэдийг хохироосон уу, тийм бол хуулийн дагуу арга хэмжээг авна.
Биржийн тухай хууль гэж бий. Яг Виртуал хөрөнгийн тухай хууль хараахан гараагүй. Үүнтэй холбоотой хууль дүрэмгүй мэт аашлах тохиолдол гарч байгаа. Гэвч бусад хуулиудад нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Монгол улсын хувьд 71 ширхэг койн гарсан. Үүний 36 ширхэг нь арилжаа хийгдэж байна. Зах зээлийн анхдагч арилжаа хийгээд алга болсон найм, хөрөнгө босгоод огт үйл ажиллагаа явуулалгүй алга болсон 19 койн байгаа. Иргэдээс мөн энэ тал дээр маш их гомдол санал ирсэн. Нийт 23 бирж байгуулагдсанаас гурав нь хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа 16 бирж, хаагдсан 6 бирж байгаа. Хуулиас өмнө хаагдсан биржүүдээс иргэд маш их хэмжээний хохирол амслаа. Энэ бүгдийг хуулийн хүрээнд шалгуулж шийдүүлэх ажлыг хийх болно” гэлээ.