|

Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах тухай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав. Засгийн газрын 302 дугаар тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн туссан юм. Энэ хүрээнд Нийслэлийн Зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.

 

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ. Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ. Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх бол гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэв. Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

 

“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцүүллээ. Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны үнийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаанд  Хөгжлийн банканд эргэн төлөх үүргийг нийслэл хүлээсэн юм. НИТХ-ын 115 дугаар тогтоолоор дээрх орон сууцны хорооллын 30 хувийг түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр хуваарилахыг үүрэг болгожээ. Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, төлбөрийн эргэн төлөлтийг бүрдүүлэх болон ашиглалтын үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хариуцан ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийн зээлийн төлбөр төлөлт саарч, мөн барилгын материалын үнэ өсөж, хил хаагдсаны улмаас чөлөөлсөн газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр саатсан нь нийслэлийн гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм.

Хотын дарга эдийн засаг хүнд байгаа үед хууль, дүрэм, журмыг сайтар баримтлах ёстойг анхааруулж байлаа.

ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ 50 ХУВИЙН НАСЖИЛТ ХЭТЭРСЭН

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн танилцуулав.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургаадугаар сард захирамж гарган, холбогдох байгууллагуудад 27 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 94 хувьтай байна. Тухайлбал, эрчим хүчний эх үүсвэр болон дулаан түгээх сүлжээнд 602 ажил төлөвлөснөөс 92 хувийн биелэлттэй байгаа юм. Мөн халаалт залгалт 94.7 хувьтай үргэлжилж байгааг танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний 120 мянган тонн нөөцтэй бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их үзүүлэлт юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 92.342 гэрэлтүүлэг бий. Эдгээрийн ашиглалтын хэвийн ажиллагааг хувийн хэвшлийн 16 компани хариуцан ажилладаг. Гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээ, асалтыг сайжруулах их, урсгал засварын ажлыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж, гэрэлтүүлгийн асалт 98.5 хувьтай байна. Нийт шугам сүлжээний 50 хувийн насжилт хэтэрчээ.

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарал хандуулах зүйл багагүй байгааг дурдаж, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг онцлоод, 2022-2023 оны өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ САЙЖИРЧЭЭ

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн гуравдугаар улирлын тайланг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

 

Он гарснаас хойш есдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд 59.521 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрийн 95.3 хувь нь шийдвэрлэгдэж, 4.7 хувь нь шийдвэрлэх шатандаа явж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүсэлт 9010, гомдол 11657, санал 514, талархал 705, мэдэгдэл 21-ээр өссөн аж. Гомдлын зонхилох хувийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, авто машины түгжрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ, засвар, газрын харилцаа, эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд эзэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 77.5 хувиар өсөж, тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл, гомдол 29.7 хувиар буурсан байна. Үүнээс дүгнэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулах, хууль зүйн үндэслэлтэй тодорхой хариу өгч шийдвэрлэх байдал сайжирчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хугацаа богиносож, албан бичгээр хариу өгөх нь сайжирсан байгааг онцоллоо. Мөн 20 орчим байгууллагын 164 албан хаагчийг сургалтад хамруулжээ. Түүнчлэн хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурсан, ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өссөн ч шийдвэрлэлийн дундаж хугацаа богиноссон, бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо нэмэгдсэн гэх мэт эерэг үзүүлэлт гарчээ. Цаашид иргэдээс гаргасан саналын шинжтэй өргөдлийг судалж, байгууллагын бодлого, шийдвэрт тусгах, хэрэгжилтийг тайлагнаж, байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн өргөдөл, гомдолд долоо хоног бүр шинжилгээ хийж, хандалтаар тэргүүлж байгаа агуулгын шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, түүнийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах саналтай байгааг дурдлаа.

КАДАСТРЫН ЗУРГИЙГ НӨХӨН БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

 

2003-2022 онд нийслэлд газар өмчилсөн иргэдийн анхны олголтын кадастрын зургийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг танилцуулав. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх ажил эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 205.531 иргэнд 10.928 га газрыг өмчлүүлсэн байна.

Зарим байршлын анх өмчилсөн газрын кадастрын зураг бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөн мэдээллийн сангаас устсан, харах болон цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй болжээ. Иймээс анхны олголтын кадастрын зургийг хувийн хэрэгтэй тулган нөхөн бүртгэх ажлыг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байгааг хэлж байлаа.

Ингэснээр эзэмшиж буй газраа өмчлөх, хамтран өмчлөгч хасуулах, өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулах, газар өмчлөх эрхээ дуусгавар болох зэргийг бүрэн цахимжуулах боломж бүрдэнэ. Мөн газрын цахим биржээр дамжуулан иргэд газраа худалдах, түрээслэх, дуудлага худалдаагаар оруулах боломж бүрдэх юм. Цахим системийг нэг удаа бүрдүүлснээр цаашид олон жил ашиглах боломжтой болно. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, кадастрын зургийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *