Г.Равжаа: Өмнөх удирдлагынхаа санхүүгийн зөрчлүүдийг ИНЕГ-ын дарга арилгахгүй нь
Иргэний нисэхийн салбарт сахилга хариуцлага алдагдаж, агаарын хөлгүүд эрсдэлд орсон талаар өмнө нь бид уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа тус салбарт санхүүгийн зөрчлүүд их гарч, ИНЕГ-т маш их хэмжээний хохирол учирсан атал өнөөгийн удирдлага нь уг мөнгийг төсөвт буцаан авах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгааг хөндье.
Магадгүй ИНЕГ-ын өмнөх дарга Л.Бямбасүрэнтэй өнөөгийн дарга С.Мөнхнасан нь нэг хэргийн яллагдагч учраас ашиг сонирхлын зөрчил гаргаж, хуучин удирдлагынхаа үйлдсэн санхүүгийн зөрчил, төсвийн хөрөнгөд учирсан хохирлыг нэхэж чадахгүй байгаа болов уу гэж хардах хүмүүс бий. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн. ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өмнө нь орон сууцын дэмжлэг хэмээн ИНЕГ-аас 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон хэрэгт холбогдсон юм. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас өмнөх даргынхаа санхүүгийн зөрчлүүдийг төсөвт буцаан төвлөрүүлэх шаардлага аудитын байгууллагаас өгсөөр атал биелүүлэхгүй байна.
Дуусгаагүй барилгад зарцуулсан зардлыг хэзээ барагдуулах вэ?
ИНЕГ-ын захиалгаар барьж эхэлсэн Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга гэж ашиглалтад ордоггүй нэг байшин бий. Тус газрынхан “Үүрэг трейд” компанитай 2011 оны зургадугаар сарын 30-нд ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаартай гэрээ байгуулж, бариулж эхэлсэн юм. Таван блок бүхий иргэний нисэхийн салбарын удирдлагын цогцолбор байгууламж болно хэмээн ажлыг нь эхлүүлсэн ч бүтэн 10 жил өнгөрчихөөд байхад ашиглалтад орсонгүй. Уг нь 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байдаг. Товлосноосоо хойш дөрвөн жил шахмын хугацаа хэтэрчихээд байхад ашиглалтад оруулахгүй байгаа шалтгааныг тайлбарлах хүн алга. Бодвол барилгын материалын үнэ нэмэгдсэн, төсвөөс цаг тухайдаа мөнгө нь ороогүй гэх тайлбар хэлцгээх биз.
Гэхдээ ЗТХЯ-наас ч, Үндэсний аудитын газраас ч Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг ашиглалтад оруулах, төрд учирсан хохирлыг гаргуулахаар удаа дараа хандаж, өмнөх дарга Л.Бямбасүрэн, өнөөгийн удирдлага С.Мөнхнасан тэргүүтэнд шаардлага хүргүүлж байсан ч ажил хэрэг болсонгүй.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны хоёрдугаар сарын 18-нд А/23 дугаартай тушаалынхаа гурав дахь хэсэгт “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг 2021 оны тавдугаар 1-ний дотор дуусган хүлээн авч, 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ИНЕГ (Л.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай” гэсэн байдаг. ИНЕГ-ын даргад өгсөн сайдын тушаал бүтэн жил өнгөрөхөд биелэгдээгүй, төрийн албаны залгамж чанар алдагдсанаас тус газрын шинэ дарга нь ч ямар нэг арга хэмжээ авсангүй бололтой.
Тиймдээ ч Үндэсний аудитын газраас 2022 оны гуравдугаар сарын 25-нд өгсөн сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлага С.Мөнхнасан даргад хаяглан хүргүүлсэн аж. Түүнд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн “Үүрэг трейд” ХХК-д хамаарах, өмнөх аудитаар өгсөн, 15.3 тэрбум төгрөгийн албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664.1 сая, мөн сүүлийн гурван жилд 958.6 сая төгрөгийн ашиглалтын зардал төлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Тиймээс Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгыг хүлээн авч ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулан албан шаардлагын биелэлтийг 2022 оны есдүгээр сарын 30-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанд хариуцуулав” гэжээ. Шаардлагыг биелүүлэх хугацаа өнгөрөөд хагас сар шахам болж. ИНЕГ-ын Бүсийн нислэгийн хөдөлгөөний төв ашиглалтад ороогүй хэвээр. Аудитын байгууллагын дүгнэлтэд дурдагдсан дээрх хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдсан асуудлыг нэг тийш нь цэгцлэх ажиллагааг хэзээ, хэн хийх вэ.
Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах хуулийн заалт хэрэгжихгүй байна
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу бол байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох, чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэхээр заасан байдаг. Гэвч ИНЕГ-ынхан хуулийг арай л өөрөөр хэрэгжүүлээд байх шиг.
Тодруулбал, ИНЕГ-ын дэргэд байгуулсан Иргэний нисэхийн үндэсний төв гэх байгууллагад давхардсан чиг үүрэгтэй албан тушаалтнууд байна. Иргэний нисэхийн үндэсний төв нь 120 хүний орон тоотой байхаар бүтэц, орон тоог нь баталж. Өмнө нь зургаан хүн хийдэг байсан ажлыг ийнхүү 120 хүнтэй, үйл ажиллагаа нь давхардсан бүтэц бий болгож, МАН-ынхны шахааны, нисэхийн мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэх болсныг салбарынхан нь шүүмжилдэг ч ИНЕГ-ын удирдлага үл ойшоож буй аж. Жишээ нь, ИНЕГ-т 1-2-хон хүн хийж болоод байсан олон нийттэй харилцах ажлыг өдгөө Иргэний нисэхийн үндэсний төвийн хамтын ажиллагааны газарт таван хүний орон тоотой байхаар баталсан нь чиг үүргээ оновчтой тодорхойлж, ажил үүргийн давхардлыг арилгаж, цалин хөлсийг нь хэмнэх төрийн бодлоготой зөрчилдөөд байгаа бус уу.
Аливаа албан тушаалд томилогдсон дарга нар багаа бүрдүүлж байгаа нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, цүнх баригчид, дарга сэтэртнүүдийн шахааны хүмүүсийг оронд нь томилдог жишиг төрд бугшсан. Эл жишгээр дээрх төвд олон хүнийг ажилд томилсон гэх. Энэ мэт явдлыг өөрчлөхийн тулд төрийн албан тушаалтныг хууль бусаар халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр Төрийн албаны тухай хуульд заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлж, халах тохиолдол салбар бүрт бий. ИНЕГ-т ч ийм явдал гарсаар. Шүүх төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэргийг ИНЕГ-аас гаргуулж тухайн ажилтанд олгохоор шийдвэрлэсэн тохиолдол нэг бус. Гэвч ИНЕГ-ын удирдлага төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтнаас мөнгийг нь гаргуулж, байгууллагаа хохиролгүй болгох талаар төдийлөн үр дүнтэй ажиллахгүй байгааг аудитын байгууллага онцолсон байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоёр ч шийдвэрийн дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан гурван иргэнд 31.7 сая гаруй төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ИНЕГ-аас олгожээ. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан ч ИНЕГ-ынхан хэрэгжүүлээгүй учраас Үндэсний аудитын газраас ЗТХЯ болон ИНЕГ-т албан шаардлага хүргүүлж, энэ оны есдүгээр сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна. Дээрх гурван иргэнээс гадна өөр хоёр ч хүн бас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 35 сая төгрөг ИНЕГ-аас гаргуулсан гээд нийт 82.2 сая төгрөгийг буруутай хүнээс авч нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлсэн ч биелээгүй аж.
“Гүрэн” дээд сургуулиас мөнгөө нэхэмжлэхгүй юм уу, С.Мөнхнасан дарга аа
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгасан, “Гүрэн” гэх дээд сургууль руу олон сая төгрөг шилжүүлсэн хэргийг НПГ-аас энэ оны нэгдүгээр сард хэрэгсэхгүй болгожээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, мөнгө шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон аж. Түүгээр ч зогсохгүй 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/
ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 510 сая төгрөг “Гүрэн” дээд сургууль руу шилжүүлсэн болох нь “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр батлагдаж төсвийн хөрөнгөд хохирол учирсан нь тодорхой болсон аж. Прокурорын байгууллагаас энэ хэргийг хянаад “Ё.Эрдэнэбат, П.Хатанбаатар, Б.Гангэрэл, Г.Батбаяр, С.Ерханат тэргүүтэй Тендерийн үнэлгээний хорооныхон албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй байна. Яллагдагч “Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж, Б.Даваасүрэн нар бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв” хэмээсэн байна. Үүнээс үзэхэд, ИНЕГ-аас “Гүрэн” хэмээх дээд сургууль руу тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж нарын үйлдсэн хуурамч бичиг баримтаар 510 сая төгрөг шилжүүлж, төрийн байгууллагад хохирол учирсан нь тодорхой байгаа юм. Тэгэхээр ИНЕГ прокурорт хандаад учирсан хохирлоо дээрх сургуулиас гаргуулах боломжтой атал ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй Л.Бямбасүрэнтэйгээ ашиг сонирхлын зөрчилтэй учраас ИНЕГ-ын өнөөгийн дарга С.Мөнхнасан уг мөнгийг нэхэмжлэхгүй байгаа юм болов уу. ИНЕГ-ынхан прокурорын байгууллагад хүсэлт гаргавал 510 сая төгрөгийн хохирлыг нь “Гүрэн” дээд сургуулиас гаргуулах боломжтой санагдана. Прокурорын тухай хуулийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан байдаг. Нисэх, төмөр болон авто замтай холбоотой хэргүүдийг Тээврийн прокурорын газар хянадаг. Тус газарт ИНЕГ-ын удирдлага, тус газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар, чиг үүргийн давхардалтай гэж мэргэжлийн хүмүүс нь үздэг Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн нь Тээврийн прокурорын газарт хүсэлтээ гаргаж, 510 сая төгрөгөө нэхэмжилбэл тэдэнд л хэрэгтэй сэн.
Улс орны эдийн засаг хүндэрч, төр тэвчиж болох зардлуудаа хэмнэх, үрэлгэн байдлыг арилгахад чиглэсэн хууль хүртэл батлан хэрэгжүүлж буй энэ үед дээр дурдсан мөнгөн хөрөнгүүдийг буруутай байгууллага, хүмүүсээс гаргуулж чадвал ИНЕГ-ын санхүүд дэм болох учиртай. Өөр олон санхүүгийн зөрчлийн баримтуудыг бид дараа хүргэх болно.
Г.РАВЖАА