ТАНИЛЦ: Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар И.Мөнхжаргалаас ирүүлсэн эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцээд, уг асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоол нь эцсийн шийдвэр тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс ирүүлсэн намын гэрчилгээнд мэдээлэл тусгуулах тухай хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.

Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Батжаргалын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан “намын гишүүн 801-ээс доошгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 35, 2022 оны 15 дугаар тогтоолоор татгалзсан үндэслэл арилаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзав. Тодруулбал, Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шүүх байгуулах асуудлаарх зөвшилцөх саналыг хэлэлцэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *