Мехмет Нури Эрсойг: Турк улс ковидын үед аюулгүй аялал жуулчлал бодлого хэрэгжүүлсний үр дүнд аялал жуулчлалаас олох орлого өсөлттэй байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалт газрыг судлах, хамгаалах, дэлхийд түгээн сурталчилж олон улсын жуулчдыг татах, түүх, соёлын газарт түшиглэсэн бүтээн байгуулалтыг байгуулах, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсонтой холбогдуулан хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн уулзалтын үеэр БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойг, “Турк улс Монгол улстай 50 гаруй жилийн дипломат харилцаатай байна. Бид соёл, түүх, газар нутгаараа холбогддог. Турк улсын хувьд ковидын үед аюулгүй аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлсэн. Учир нь ковидын үед аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амссан. Тийм учраас Турк улс “аюулгүй аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлсний ачаар аялал жуулчлалын салбар эргээд өсөлттэй болж ирсэн. Мөн ковидын энэ нөхцөл байдал нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд байгаль, түүх соёл ямар чухал гэдгийг харуулсан. Манай улс энэхүү “аюулгүй аялал жуулчлал” хөтөлбөрийнхөө хүрээнд бүх зочид буудлаа магадлан итгэмжлэлд оруулсан. Цаашдаа 2023-2030 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн сертификаттай болгох зорилготой байгаа” гэв.
\
Түүнчлэн, аялал жуулчлалын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох Орхоны хөндийн аялал жуулчлал цогцолбор байгуулах, нисэх онгоцны буудал байгуулах, аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, бага хуралд хамтран оролцох, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцов.
Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх онд Истанбул хот дахь Топкапы ордон музейд цорын ганц эх хувиараа хадгалагдаж буй “Судрын чуулган”-ыг Монгол Улсын Чингис хааны музейд залж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, “Судрын чуулган”-ны эх хуулбарыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах талаар саналаа уламжиллаа.
Мөн 2022 онд Монгол судлаачид Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн нь Монгол, Туркийн соёлын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлоод, 2023 оны 4 дүгээр сараас эхлэн МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь тус дурсгалт газарт археологийн малтлага, судалгаа хийхэд БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны зүгээс холбогдох зөвшөөрлийг олгон, бодлогын дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүсэв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНТУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад Турк Улсаас 2022 онд нийт хоёр мянга 600 гаруй жуулчин ирсэн нь өмнөх жилийнхээс 53 хувиар өссөн байна.