МАН-ын “суртал ухуулгын” хурлын үеэр малчин эмэгтэй амь эрсэджээ
Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард МАН 30-р их хурлаараа үзэл баримтлалаа шинэчилж социал домекрат үзэл баримтлалтай нам болсноо тунхагласан. Үүнээс хойш нийслэл, хөдөө орон нутагт энэ үзлийг сурталчлан таниулах өргөн хүрээний комбанит ажил өрнөж байгаа.
Тэд хөдөө орон нутаг сум суурин, баг, хороо алгасахгүй ажлын хэсэг томилон “Социал домекрат залуучууд”, “Шинэ зуун дэвшилтэт бодлого”- сургалт гэх агуулгаар ухуулга хийж буй. Дээрх гоёчилсон үгсийн цаана ердөө ирэх сонгуулийн бэлтгэл, ард иргэдийг сэнхрүүлэх тактик байгаа нь ойлгомжтой асуудал.
Гэвч иргэдийн цагийг үрэн байж хийсэн уулзалтынх нь үеэр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 11-р сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, МАН-ын Бага хурлын гишүүн Ш.Анхмаа нараар ахлуулсан хэсэг нөхөд МАН-ын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт зохион байгуулах үеэр уулзалтад ирсэн малчин эмэгтэйн бие муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр уулзалт тухайн өдрийн 13:00 цагт зарлагдсан бөгөөд 14:00 цагийн үед эхэлж, оройн 20:00 цаг хүртэл үргэлжилжээ. Уулзалтад малчид голдуу иргэд цугласан бөгөөд зарим төрийн албан хаагчид оролцсон байна.
Олон цагаар үргэлжилсэн уулзалтад кофе өгснөөс өөрөөр цай хоол идэх завсарлага байгаагүй аж. Талийгаачийн бие тавгүйрхэж, Соёлын төвөөс гарахаар явсан боловч босго давалгүй унаж, эмнэлгийн тусламж ирэх үед амьсгал хураасан байжээ.
Хүний амьны үнэтэй сургалт, уулзалтын агуулга нь “Монгол Улсад НАМ заавал байх ёстой, МАН солциал домекрат үзэл баримтлалтай болсноор хүн бүрт хүрч, хүний эрхийг дээдлэн ажиллахын эхлэл” гэх зүйлсийг ярьсан байна. Энэхүү суртал ухуулгын ажилд нь аймаг, сумын Засаг дарга нар идэвхийлэн оролцож яваа нь энэ аж.
Тэд хоёр нарын хооронд ажиллаж хөдөлмөрлөдөг малчин ардыг ч алгасахгүй суртал ухуулгаа тулгах нь удаан дангаар засаглах бодлогынх нь нэг хэсэг. Орон нутагт томилогдсон бага хурлынх нь гишүүд үсчин ажиллуулж, сугалаа сугалуулан бараа тарааж, бүжиг зохиох зэрэг улиг болсон бохир технологиор иргэдийг басамжлах нь багадаад хүний амиар наадлаа!