Гучин жил яригдсан Байгалийн хийн хоолойн төслийг Хятадын тал анх удаа албан ёсоор баталгаажууллаа
Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг Монголын талаас 30 гаруй жил хөндөж ирсэн ч дорвитой үр дүнд хүрч байсангүй. Харин сүүлийн жилүүдэд төслийг ажил хэрэг болгох асуудал хүчтэй хөндөгдөж олон улсын түвшинд ч таатай нөхцөл үүссэн гэж хэлж болно.
Тодруулбал, Байгалийн хий, газрын тосны геостратегийн тогтоц өөрчлөгдөж, шинэ дахин хуваарилалт эхэлсэн.2018 онд АНУ газрын тосны 75 жил үргэлжилсэн хараат байдлаасаа гарч импортлогч бус цэвэр экспортлогч улс болсныг зарласан. Улмаар АНУ дэлхийн хийн нийлүүлэлтийн 5%-ийг экспортолж байсан бол 25%-д хүргэх зорилгодоо 2021 оны эхний хагаст хүрлээ.
Ингэснээр байгалийн хий, газрын тосны уламжлалт геостратегийн тогтоц, эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн газарзүйн байршил, тээвэрлэх, дамжуулах шугамууд эрс өөрчлөгдөх гео эдийн засгийн хүчин зүйлс бий болсон гэж судлаачид үздэг.
Мөн эрчим хүчний хэтийн чиг хандлага улс орнуудын бодлого үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байна. Ойрын 30 жилд нүүрстөрөгчийн эрин үе халагдаж, цахилгаан тээвэр, устөрөгчийн эрин үе эхэлнэ. Үүнийг Европ түүчээлж, нүүрстөрөгчийн эх үүсвэр, байгалийн хийн хэрэглээнээс татгалзан, устөрөгчийн цэвэр эх үүсвэрт шилжих шийдвэр гаргасан тул ОХУ байгалийн хийн үлэмж нөөцөө БНХАУ, Зүүн Азид чиглүүлэх шаардлагатай болж байна. БНХАУ, Зүүн Ази устөрөгчийн хамгийн том зах зээл болно. Байгалийн хийн хоолойгоор устөрөгч тээвэрлэх боломжтой тул хийн хоолой ирээдүйд устөрөгч дамжуулах стратегийн ач холбогдолтой болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлцэлд хүрсэн нэг чухал асуудал нь хийн хоолойн төсөл байв.
Тодруулбал, байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж, анх удаа Хятадын тал уг төслийг албан ёсоор баталгаажууллаа. Ийнхүү байгалийн хийг худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжих нөхцөл бүрдэж байна хэмээн айлчлалын үр дүнг тодорхойлжээ.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа байгалийн хий дамжуулах хоолойн төслийг Монголын талаас “Эрдэнэс Монгол” компаниар төлөөлүүлэх шийдвэр гаргасан ба энэ хүрээнд “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгуулаад байгаа.
“Эрдэнэс Газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан Ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бүрэн биелүүлж, одоогийн байдлаар 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга Б.Цэвэгжав мэдээлж байв.
Тэгвэл байгалийн хийг худалдан авагч тал болох БНХАУ төслийн анх удаа тунхаг бичигт оруулж, албажуулж байгаа юм.
Одоогийн байдлаар тодорхой болоод буй тооцооллуудаас танилцуулбал:
ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө. Жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 1,420 мм диаметртэй хийн хоолой барьж байгуулна. Газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.