Төрийн мэдэлд очсон болгон хулгайчдын үүр болж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол” популизмаас эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга бус шударга ёсны тэмцэл эцэстээ юунд хүргэдгийг өнөөдөр монголчууд харж байна. Бүхнийг төрд авна гэдэг гоё үгний ард ямар том хулгай явдгийг “Эрдэнэс тавантолгой” жишээ бэлээхэн баталж байгаа. Нийт 44 их наяд төгрөг буюу Монгол Улсын 2 жилийн төсөвтэй дүйх хулгайн мөнгө ганцхан компаниас гарч ирэв.
Монголчууд ард түмний мэдлийнх гэх Тавантолгойн уурхайд хэдхэн улстөрч эзэн суусан гэдгийг үүгээр олж мэдлээ. Анхандаа “Эрдэнэс тавантолгой” гэдэг Монгол Улсын 2.5 сая иргэний өмчлөлтэй компани, түүний мэдэлд 6.4 тэрбум тонн нөөцтэй өндөр зэрэглэлийн чанартай коксжих нүүрсний орд байсан. Гэтэл тэр нь 25 улстөрчийн мөнгөний уурхай болж таарав. Намын залуусын амьдралаа сайжруулах газар болж хувирсан байна. Улмаар “Тавантолгойг төрд үлдээв” гэдэг сонгуулийн шоу төгсгөл болов.
Тэгвэл баялгийн хулгай, улстөрчдийн тендер, шахааны луйвар ганцхан “Эрдэнэс тавантолгой” компаниар хязгаарлагдахгүй. Эрдэнэтийн зэсийн уурхай, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ гэх мэт төрийн мэдэлд очсон болгон хулгайчдын үүр болсон байгаа.
Нийгэмд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хулгай луйврын дуулиан байсхийгээд дэгддэг, нам дарагддаг. Тэрний хамгийн том жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэрэг. Тэд бүхэл бүтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн банкны барьцаанд тавьчихсан байлаа. Мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авсан нэрийн дор МАН-ын нэг нөхөр даргаар нь очсон. Удалгүй намынх өөр нэг дарга орон нутгийнхан ажилладаг байсан хамгаалалтын албаных нь тендерт ялсан гэдэг ил болж байлаа. Тэгвэл хувийн хэвшил концессын гэрээ байгуулан ган хайгуулах төсөл хэрэгжүүлж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн л намын нэг фракцын мэдэлд очсон. Өнөөдөр тэр үйлдвэрийн мэдлийн төмрийн хүдэр хэний гараар орж, хэн ямар шахаа тендер будилуулж байгааг хэлэхэд хэцүү. “Төрийн мэдлийн” гэж эзэнгүй хаячихсан учраас тэнд дарга дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа. Яг “Эрдэнэс тавантолгой” шиг. Тэр нь удахгүй ил болох биз. Цаашлаад Монгол, Оросын ард түмний гэх Улаанбаатар төмөр зам, төрийн өмчит МИАТ зэрэг компаниудын тендер худалдан авалтыг ухвал хулгайн хавтаст хэрэг тэр чигтээ байгаа. Ямар сайндаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компанийн нийт өр 18 их наяд төгрөг буюу улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэж байх вэ.
Тухайлбал, Тавантолгой тэргүүтэй стратегийн ордуудыг эзэмшдэг “Эрдэс монгол нэгдэл” 5.4 их наяд, Төрийн банк 3,4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй байна. Төр өмч хөрөнгөндөө эзэн нь болж чадаж байсан бол төрийн өмчит компанид ийм их өртэй сууж байхгүй. Хувийн хэвшлийн нэг компани ийм их өртэй байсан бол аль хэдийнэ дампуурчихсан байгаа.
Өөрөөр хэлбэл, төр менежмент хийж чадахгүй байна. Төрийн нэрээр баялагт эзэн суусан хулгайчид тийм боломж олгохгүй байна. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ард түмний баялгийг хяналттай байлгах ёстой. Төрийн өмчит компаниудад либериалчлал хэрэгтэй. Төр, засгийн хэмжээнд ч төрийн өмчийн оролцоог багасгаж, баялгийг хяналттай болгох тухай асуудлыг хөндөөд эхэлжээ.
Нүүрсний хулгайн асуудлаас Засгийн газар нэг зүйлийг ухаарч, сургамж авч байгаа нь сайн хэрэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрдэнэс тавантолгой” ХК-д олон улсын аудит оруулна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулна.
Цаашлаад “Эрдэнэс тавантолгой” компанийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргана. Бидэнд маш их үнэ цэнээр ирж байгаа сургамжаар “Эрдэнэс тавантолгой”-г олон нийтийн компани болгохгүйгээр цааш явахгүй. “Эрдэнэс тавантолгой” компанид томилсон Бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-ийн хугацаа дуусахаар Засгийн газар дахиад нэг хүн томилно. Тэр хүн дахиад өнөөгийн нөхцөл байдлыг бий болгохгүй гэх газаргүй. Тиймээс бид гаргасан алдаандаа дүгнэлт хийж, “Эрдэнэс тавантолгой” компанийг олон нийтийн болгох бичиг баримтыг бүрдүүлнэ” гэжээ.