Дархлаа эмчилгээний дараагийн найдлага
Хавдрыг эмчлэхдээ энэ жилээс дархлаа эмчилгээг нэвтрүүлнэ гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү мэдэгдээд байгаа билээ. Энэ мэдээ хавдраар оношлогдоод шаналж, энэ өвчинтэй тэмцэж яваа нэгэнд найдлага төрүүлж, хэрхэн яаж хамрагдах талаарх олон асуултыг араасаа дагуулж байна.
Энэ эмчилгээг нэвтрүүллээ ч өндөр өртөгтэй тул хавдартай хүн бүр хийлгэх боломжгүй. Тиймээс Эрүүл мэндийн даатгалд хамруулж хөнгөлөх саналыг ХСҮТ-өөс гаргажээ. Гэвч аливаа эмчилгээг хөнгөлөлтөд хамруулахад нутагшуулсан байх шаардлагатай гэх тайлбарыг ЭМДЕГ-аас өгч байна.
Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хавдрын эмчилгээ улам боловсронгуй болж энэ бүхэнтэй Монгол Улсын эрүүл мэндийн салбар ч зэрэгцэн алхахыг эрмэлздэг болжээ. Эхлээд хавдрын үндсэн эмчилгээ болох химийн эмчилгээг хийдэг байсан бол дараа нь бай эмчилгээг нэвтрүүлж одоо дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Бай эмчилгээг 2021 онд нэвтрүүлж, өндөр өртөгтэй байсныг нь ЭМД-д хамруулж үнэгүй хийдэг болоод байгаа. Харин одоо хавдрын эсрэг дараагийн үр дүнтэй эмчилгээ болох дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Дархлаа эмчилгээ гэдэг нь хорт хавдартай тэмцэж буй дархлааны тогтолцоог дэмжих замаар тухайн хавдрыг устгах үйл явц. Энэ эмчилгээ нь ихэвчлэн тариа хэлбэрээр хийгддэг тул биологийн эмчилгээ ч гэж нэрлэж болно. Энэ эмчилгээг Монголд нэвтрүүлж, олон улсад түгээмэл ашиглаж байгаа тариаг нь ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулж хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүйгээр хийх саналыг ХСҮТ-өөс дэвшүүлээд байгаа юм.
Шинэ эмчилгээг ЭМД руу оруулахад цаг хугацаа шаардлагатай
Харин уг саналын талаар ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний багц, зохицуулалтын газрын дарга Б.Баярболдоос тодруулахад “Аливаа эмчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулахын тулд эхлээд тухайн эрүүл мэндийн байгууллага нь эмчилгээгээ нутагшуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн эмчилгээг хийгээд эхэлчихсэн байх ёстой. Нэг бус хэд хэдэн тохиолдлыг туршаад, хийгээд үзчихсэн байх ёстой юм. Ингээд мэргэжлийн салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллага нь хүлээн зөвшөөрсөн бол үүнд тооцоолол хийдэг. Энэ тусламж үйлчилгээг хэдэн хүн авах, Эрүүл мэндийн даатгалын санд ямар ачаалал ирэх зэрэг нарийн судалгаа, дүгнэлт хийх ёстой. Ингээд Эрүүл мэндийн даатгалын сан хариуцаж чадахаар бол оношийн хамааралтай бүлгийн жагсаалтыг гаргаж өгнө. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс шинэ технологи, шинэ эмчилгээг нэвтрүүлж болно. Харин түүнийг ЭМД руу оруулахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Нутагшуулсан л бол шууд Эрүүл мэндийн даатгалын сар руу орно гэж байхгүй. Маш их тооцоолол, төлөвлөгөө шаардлагатай” гэлээ.
Дундаж орлоготой өвчтөн дархлаа эмчилгээ хийлгэнэ гэдэг барахгүй даваа
Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр дархлаа эмчилгээний тариа нь аль оронд үйлдвэрлэсэн ямар төрөл гэдгээс хамаараад 10-20 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Харамсалтай нь уг тарианаас ганц тунг хийлгээд хавдар эдгэрэхгүй. Хамгийн багадаа гурван удаа хийлгэж байж үр дүн ажиглагддаг. Хэрэв үр дүнтэй бол эмчилгээг эдгэрэх хүртэл нь үргэлжлүүлнэ. Дундаж орлоготой өвчтөний хувьд дархлаа эмчилгээ хийлгэж эдгэрнэ гэдэг барахгүй даваа. Тиймээс л дархлаа эмчилгээг нэвтрүүлж, ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Гэхдээ дархлаа эмчилгээг хийлгэсэн л бол бүрэн эдгэрнэ гэж найдаж болохгүйг мэдэхэд илүүдэхгүй бизээ. Эдгэрэх эсэх нь тухайн хавдрын шинж төрхөөс шалтгаалдаг тул хэдэн курс эмчилгээ хийлгэхийг ч урьдчилан хэлэх боломжгүй ажээ.