Гутаан доромжлох, харилцааг нь хязгаарлах, мөшгих, заналхийлэх ч хүчирхийлэл мөн
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг төдийгүй үүний хохирогч нь дийлэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болдог.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагын мэдээлснээр 2020 оны байдлаар дэлхий дээр өмнөх 12 сарын хугацаанд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.
Энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг.
2020 оны байдлаар МУ-д гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ЗӨВХӨН ЭХНЭР НӨХРИЙН ХООРОНДОХ АСУУДАЛ БИШ
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчтой хамт амьдарч буй хүүхэд давхар сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөж байдаг.
Энэ тухай “Гэр бүлийн тухай хууль”-д зааснаар
26.2.Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:
26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх
26.3. Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.” гэжээ.
Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу
5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” Гэх мэт шийтгэл оноодог байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДОЖ БАЙНА
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 5.1.1 –т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэжээ.
Сэтгэл санааны хүчирхийлэл дотроо гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах, мөрдөн мөшгих, заналхийлэх зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэлээд түгээмэл тохиолддог хүчирхийлэл ажээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ҮЕД АМИА АЛДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ
Өөр нэгэн улсын жишээг авч үзвэл 2020 оны 5-р сарыг хүртэл хатуу хөл хорионы дэглэмд байсан бүгд найрамдах хятад ард улсад гэр бүлийн хүчирхийлтэй холбоотой 2000 орчим дуудлага өдөрт ирж, үүнээс үүдэн амиа хорлосон 400 орчим тохиолдол бүртгэгджээ.
Үүнийг Монгол улсын хуулийн талаас авч үзвэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1. Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээсэн байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ДАВТАГДАХААС СЭРГИЙЛЭХ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ
Зөрчил гаргасан тохиолдлыг дахин давтагдуулахгүй байх талаас нь үе шаттай, уялдаатай, олон талын оролцоог хангах, богино хугацаанд үр ашигтай байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал,
– Утас болон онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг эрчимжүүлэх.
-Олон нийтийн мэдээллийн эх үүсвэр ашиглан өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааг дэмжих, стресс бууруулах арга замуудыг сурталчлах, эерэг хандлага нэмэгдүүлэх ажлыг нэмэгдүүлэх.
-Эрэгтэйчүүдийн зан үйл, амьдралын зөв хэв маягийг таниулах, сурталчлах, зан үйлд нөлөөлөх сургалт зохион байгуулах.
-Ахуйн хүрээний архидалт (ГБХ-ийн гэмт хэргийн 91.8%, зөрчлийн 94.2% нь гэр, орон сууцад гарсан) -ыг бууруулахад согтууруулах ундаа борлуулах цэг, цагийн хуваарьт хязгаарлалт хийх, үнийг татвараар зохицуулах.
-Өрх, гэр бүлийн эдийн засгийн дарамтыг багасгах арга хэмжээг эрчимжүүлэх.
Эдгээр арга хэмжээг авахад төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын идэвхтэй үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон дурдаж байна.
Т.Номин
Эх сурвалж:
– “Гэр бүлийн хүчирхийлэл” Статистик тойм 2020 Үндэсний статикийн хороо
– Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/
Moreover, for the general population, induced- treatment cycles based on ovulation resulted in significantly higher pregnancy rates, regardless of whether ovulation was natural or induced with letrozole, as compared with artificial induced cycles how to buy priligy in usa