АН. Х.Баттулгад хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татаагүй болохыг мэдэгдэж байна
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгыг оргон зайлсан гэсэн мэдээлэл цахим орчинд тараад буй. Уг мэдээлэлтэй холбоотой ардчилсан намаас өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.
Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй. Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад Улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна” гэжээ.