Төрийн ордны хаалгыг эвдсэн долоон иргэнийг өчигдөр саатуулжээ
Төрийн ордны хаалгыг эвдсэн долоон иргэнийг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад “Өчигдөр долоон иргэнийг 461 дүгээр хорих ангид саатуулсан нь үнэн. Гэхдээ тэднийг үзэл бодлоо илэрхийлснийх төлөө саатуулаагүй гэдгийг ойлгох ёстой.
Тодруулбал, тухайн долоон иргэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэдэг зүйл заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгагдаж байгаа хүмүүс. Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн үйл ажиллагаатай холбоотойгоор буюу иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нийгмийн дэг журмыг алдагдуулах, эд хөрөнгө устгаж гэмтээх гэсэн заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өчигдөр 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулах ажлыг зохион байгуулсан.
Ингэхдээ үзэл бодлоо илэрхийлээд байж байхад нь эсвэл Төв талбайгаас баривчилж саатуулсан асуудал байхгүйг хэлье. Нэмж хэлэхэд, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийн зөв биш. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр гэмт хэрэг үйлдэх, хүний биед халдах, гэмтэл учруулах, эд хөрөнгө устгах зэрэг үйлдэл хийж болохгүй. Энэ чинь өөрөө эрүүгийн хуулийн зүйл заалттай. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй зүйлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Түүнийхээ хүрээнд л дээрх долоон иргэнийг 461 дүгээр хорих ангид аваачсан юм” хэмээн тайлбар өглөө.