Л.Наранбаатар: Ирэх сарын 1-нээс цементийн үнэ өснө
“Хөтөлийн Цемент шохой” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Наранбаатар Хөгжлийн банктай шүүхдэлцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн “Хөтөл” ХХК 2015 онд 61 сая ам.долларыг “Хөтөлийн Цемент шохой” үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Үүнийг манайхаас нэхээд байгаа юм. Үнэн хэрэгтээ “Хөтөл” ХХК болон “Хөтөлийн Цемент шохой” үйлдвэр хоёр тусдаа компани. “Хөтөл” ХХК бол “Бэйзмент” гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компанитай хамааралтай. Сахал Д.Эрдэнэбилэгийн өрийг хөтөлчүүд төлөхгүй” гэсэн юм.
Мөн энэ үеэр цементийн үнэ нэмэгдэх болсон талаар дуулгалаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 1-нээс манай цементийн үнэ өсөж байна. Инфляцийн нөлөөлөл маш өндөр байна. Дизель түлшний хомсдолд орж, ажиллах хүчний зардал асар өндөр болсон. Монгол Улс 14 хоног ажиллаад 14 амрах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан. Энэ нь 15 мянга орчим ажлын байрыг гэнэт бий болгосон. Дээр нь Солонгос руу чөлөөтэй гарч байгаа нь уул уурхайн салбар Солонгосын хөдөлмөрийн зах зээлтэй өрсөлдөж байна гэсэн үг. Цахилгаан, төмөр замын тээврийн зардал өссөн. Иймд үйлдвэр дээрээс задгай цемент 330 мянга, савтай цемент 385 мянган төгрөг болж байгаа” гэлээ.